Сонгуулийн санал хураалт эхлээд байна

СОНГОЛТ

УИХ болон Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт орон даяар өглөөний 07.00 цагт эхлээд байна. Санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн сонгуульд санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтад 1 сая 912.9 мянган хүн бүртгэгджээ. Санал авах байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагч ажиллаж байна. Сонгуулийн явцыг ажиглахаар гадаадын 450 орчим ажиглагч бүртгүүлээд байгаа аж. Энэ удаагийн сонгуульд 2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан бүртгэлийн болон санал тоолох машинуудыг ашиглаж байна. УИХ-ын сонгуульд 498 нэр дэвшигч бүртгүүлснээс хоёрыг нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн шалтгаанаар нэр дэвшигчдийн жагсаалтаас хасжээ. Харин орон нутгийн сонгуульд 2288 нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр 12:00, 17:00, 22:00 цагт сонгуулийн ирцийн талаар мэдээлэл өгнө.



САНАЛ БОЛГОХ