ОХУ-ын явуулж байгаа цэргийн ажиллагаанд АНУ шүүмжлэлтэй хандаж байна

Мэдээ

ОХУ-ын тал Украйны хил орчимд их хэмжээний цэргээ төвлөрүүлж байгаа нь Украйн руу цэргээ оруулах оролдлого гэж Пентагон мэдээллээ. Харин Ойрхи Дорнодод “Исламын улс” бүлэглэлийн эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагааны үеэр ОХУ Ираны нисэх баазыг ашигласныг АНУ мөн л буруутгалаа. Пентагоноос мэдээлснээр ОХУ-ын 40 мянган цэрэг, танк, зэвсэглэсэн төхөөрөмжүүд болон агаарын хүчнийхэн Украйны зүүн хил орчимд байрлаж байна. Цаашид нэмэлт цэргийн хүч ирнэ гэж үзэж байгаа аж. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Украйны хил орчмын найман байрлалд ОХУ цэргүүдээ төвлөрүүлсээр байгаа юм. Пентагоны мэдээлснээр энэ нь Крымын хойгийг эзлэх үеийнхтэй төстэй байгаа ажээ. Тиймээс АНУ-ын тал ОХУ-ыг Украйн руу цэргээ оруулж магадгүй гэж хардаж байна.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Европын командын хэвлэлийн төлөөлөгч "Бид маш анхааралтай ажиглаж байгаа" гэж мэдэгдлээ. Нөгөөтэйгүүр үүнийг Крымийн тусгаар тогтнолыг Украйнаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн оролдлого байж болзошгүй гэж таамаглаж байна. ОХУ Украйны хил орчимд цэргээ төвлөрүүлж байгаатай зэрэгцээд Украйны Засгийн газар цэргүүддээ бэлэн байдал зарлажээ. Хэдий тийм боловч ОХУ-ын тал үүнийг үгүйсгэж байгаа аж. Улмаар Украйны Засгийн газрыг Крымын дотоод хэргийг бусниулах зорилготой цэргийн ажиллагаа явуулах гэж байна гэж буруутгасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд энэ долоо хоногийн эцсээр Крымд айлчлахаар төлөвлөж байгаа юм.

Үүнээс гадна ОХУ-ын Ойрхи Дорнод дахь цэргийн ажиллагаа анхаарал татаж байна. ОХУ "Исламын улс" бүлэглэлийн эсрэг хийж байгаа цэргийн ажиллагаандаа Ираны нисэх баазыг ашигласныг АНУ мөн шүүмжилж эхэллээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр Сирийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа “Исламын улс” бүлэглэлд цохилт өгөх зорилгоор ОХУ Ираны цэргийн баазаас байлдааны онгоцнуудаа хөөргөсөн аж. Олон улсын зүгээс Ираны эсрэг хориг арга хэмжээгээ цуцалснаас хойш сүүлийн саруудад ОХУ, Ираны харилцаа өргөжиж эхэлсний илрэл нь энэ болж байна. Харин энэ нь "НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2231 дүгээр журмыг зөрчсөн" гэж АНУ буруутгажээ. Учир нь энэ журамд зааснаас Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Иран руу байлдааны онгоц нийлүүлэх, шилжүүлэх, худалдахыг хориглосон байна.

Гэхдээ энд ямар нэгэн худалдаа, нийлүүлэлт яригдаагүй гэдгийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Эргэн сануулахад, Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассадын Засгийн газрыг ОХУ болон Ираны тал хүчтэй дэмжсээр ирсэн. Харин Сирийн босогчдыг АНУ болон түүний Ойрхи Дорнод дахь түнш болон Саудын Араб дэмжиж байгаа ч террорист бүлэглэл болох “Исламын улс” бүлэглэлийн эсрэг ажиллагааг талууд хамтран явуулж байгаа юм.


САНАЛ БОЛГОХ