Засгийн газрын 100 хоног
2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд шинэ Засгийн газар байгуулагдаад 100 хоног боллоо. Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулаад байгаа юм. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрийг Засгийн газар анх удаа үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаснаараа онцлог байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авахыг уриалаад байна. Түүнчлэн Япон улсад хийсэн Ерөнхий сайдын айлчлал бизнес эрхлэгчдийг дэмжсэн бас нэг алхам боллоо гэдгийг тэрбээр онцолж байлаа. Түүнчлэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат " Гадаад харилцааг цаашид Монгол Улсад үйлдвэрлэлийг бий болгоход чиглүүлнэ" хэмээн онцоллоо. Үүнээс гадна дотоодын бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжихээр зорьж байгаа гэдгийг Засгийн газраас мэдээлсэн юм.
Үүнээс гадна эрчим хүчний салбарт өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлаас харвал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 МВт хүчин чадалтай салхин цахилгаан станц барих санхүүжилтийн хаалтын гэрээг үзэглэлээ. Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк, Японы “JICA” байгууллага, “SB Energy”, “Newcom” компанийн нийт 128 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар төслийг гүйцэтгэнэ. Түүнчлэн “Solar Power International” компани Дарханд 10 МВт-ийн хүчин чадалтай нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг хийж байгаа бөгөөд одоогоор 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү нарны цахилгаан станц оны эцэст ашиглалтад оруулах юм. Мөн аймгийн төвүүдэд барих дулааны станц, шугам сүлжээний төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр болоод байна.
Эрчим хүчний салбарт л гэхэд хэрэгжүүлэхээр яригдсан 68 төсөл байгаа бөгөөд эдгээр төсөл бүгд хэрэгжвэл Монгол Улсын эрчим хүчний хэрэглээг 20 дахин нугалах хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх юм байна. Одоогоор эндээс таван төслийг л хэрэгжүүлэх ба үүнийг хэрэгжүүлснээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад экспортлох хэмжээнд хүрэх ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй