НИТХ-аас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдад өргөн барина
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Батболдыг сонгохыг 100 хувийн саналаар дэмжлээ. Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайдад өргөн барьж түүний бүрэн эрхийг баталгаажуулах юм. Түүнчлэн НИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны үеэр төлөөлөгчид НИТХ-ын даргаар нийслэлийн Монгол Ардын Намын дарга Ц.Сандуйг сонголоо. НИТХ-ын сонгуулиар Монгол Ардын нам 34, Ардчилсан нам 11 суудал авсан бөгөөд олонх болсон Монгол Ардын намаас нийслэлийн удирдлагуудад нэр дэвшүүлж, төлөөлөгчид олонхийн саналаар дэмжсэн юм. Хуралдааны үеэр Нийслэлийн дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл өмнөх дөрвөн жилд хэрэгжүүлсэн "Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Сайн хашаа” хөтөлбөр, Төрийн үйлчилгээний цахим машин болон жуулчдыг татах зорилготой “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Харин НИТХ-ын төлөөлөгчдийн дэмжлэгийг авч хотын удирдлагаар сонгогдсон С.Батболдын хувьд "Төрийн бодлогын залгамж халааг хадгалж, өмнө нь хэрэгжүүлж байсан бодлогууд, ялангуяа гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ" гэдгээ мэдэгдсэн байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй