Улаанбаатар-Пусан чиглэлийн нислэг баасан гарагаас эхэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сард БНСУ-д хийсэн айлчлалын үеэр тодорхой болсны дагуу тус улсын “Эйр Пусан” компани Улаанбаатар-Пусан хот хүрэх шууд нислэгийг баасан гарагт эхлүүлэх гэж байна. Тийзийн борлуулалтыг энэ сарын 16-ны өдрөөс эхлүүлээд байгаа бол Монголын талаас олгосон Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвшөөрлийн дагуу долоо хоногт хоёр удаа буюу мягмар, баасан гарагт нислэг үйлдэхээр болсон байна. “Эйр Пусан” компани нээлтийн урамшууллын хүрээнд тийзийн үнийг нэг талдаа 90 мянган вон буюу 90 орчим ам.доллараар тогтоожээ. Улаанбаатар-Пусан чиглэлийн онгоц нь 162 хүртэл суудалтай, "Боинг 737", "Airbus 321" болон "Airbus 320" агаарын хөлгөөр нислэгийг үйлдэх ажээ. Пусан хотод 800 гаруй Монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа учраас энэхүү нислэг монголчуудын хувьд чухал нислэг болох талаар Гадаад хэргийн яамнаас онцолж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй