Ж.Эрдэнэбат: ОХУ-ын хөрөнгө оруулалт, бизнес, технологийг Монголд урьж байна

Мэдээ

ОХУ-ын Санкт-Петербург хотод болж байгаа Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Тэрбээр дэд бүтэц, хөдөө аж ахуй зэргийг хөгжүүлэхэд хамтын ажиллагааны өргөн боломжууд байгааг дурдсан юм. Тухайлбал зам, төмөр зам, эрчим хүч зэрэг амин чухал шаардлагатай салбаруудад хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг чуулганд оролцогчдод уриаллаа. Мөн Евро-Азийг холбосон эдийн засгийн коридор байгуулж “Торгоны зам”-ыг дахин сэргээснээр далайд гарцгүй ч дэлхийн тэргүүлэх хоёр оронтой хөрш зэргэлдээ оршдог гэдгээ давуу тал болгон хөгжих боломжтойг Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат онцолсон байна. Хэдий тийм боловч эдийн засгийн коридор байгуулах асуудал зөвхөн Монгол-БНХАУ-ОХУ гэсэн гурван улсаар хязгаарлагдахгүй дэлхийн тэргүүлэх эдийн засаг, технологи бүхий орнуудын хөрөнгө оруулалт, идэвхтэй оролцоо шаардлагатайг дурдлаа. Иймээс макро-эдийн засгийг тэнцвэржүүлж гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх зорилт тавин ажиллаж байгаагаа онцолжээ. Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа үг хэлж байгаа юм.

Үүнээс гадна Эдийн засгийн чуулганы эхний өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Евразийн Эдийн засгийн холбооны сайд нарын зөвлөлийн дарга Тигран Суренович Саркисянтай уулзсан байна. Тэд Улаанбаатар хотод ирэх аравдугаар сард зохион байгуулагдах Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны анхдугаар бизнес форумын талаар санал солилцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Евразийн Эдийн засгийн холбоотой “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулах санал дэвшүүлсэн байна. Харин Евразийн Эдийн засгийн холбооны сайд нарын зөвлөлийн дарга Тигран Суренович Саркисян гишүүн орнуудтай зөвлөлдөнө гэжээ.

21 дэх удаагийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө. Энэ жилийн чуулга уулзалт “Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” уриан дор болж байгаа бөгөөд 130 улсын 11 мянга гаруй төлөөлөгч оролцож байгаагаас 230 гаруй нь сайдууд байгаа ажээ.





САНАЛ БОЛГОХ