ОӨУБЕГ: Оюуны өмчтэй холбоотой гомдлын 60-70 хувь нь зөвшөөрөлгүй контент ашигласан гэж мэдүүлдэг

Мэдээ

Монгол Улсад зохиогчийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилт Азийн орнуудтай харьцуулахад дундаж түвшинд байгааг Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас мэдээллээ. Улсын хэмжээнд сард дунджаар 200 сая орчим төгрөгийн хууль бус бараа, бүтээгдэхүүн хурааж авдаг байна. Харин Зөрчлийн тухай хууль батлагдсанаар оюуны өмчийн зөрчил гаргагчид оноох мөнгөн торгуулийн дээд хэмжээг хоёр дахин нэмжээ. Өөрөөр хэлбэл ирэх долоодугаар сарын нэгнээс эхлэн мөнгөн торгуулийн дүн 450 мянгаас 20 сая төгрөг болж нэмэгдэх юм. Түүнчлэн улсын байцаагч торгуулийн хэмжээг тогтоогоод хохирлын хэмжээг шүүхээр шийдвэрлүүлдэг байсныг хялбарчлахаар болоод байна.

Зохиогчийн эрх, оюуны өмчтэй холбоотой гомдлын 60-70 хувь нь зөвшөөрөлгүй контент ашигласан гэж мэдүүлсэн байдаг аж. Өнгөрсөн онд энэ төрлийн 78 мянга гаруй гомдол ирсэн нь 2015 оноос 7000 гаруйгаар буурсныг Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Үүнээс гадна оюуны өмчийг хамгаалж байнга хяналт тавьж чадвал урлагийн салбарын орлого нэмэгдэх боломжтой гэж Дэлхийн Оюуны өмчийн газрын төлөөллүүд дурдлаа. Үндэсний контентоо дэлхийн зах зээлд борлуулахад оюуны өмчийн хамгаалалт зайлшгүй шаардлагатай байдаг аж. Дэлхийд оюуны өмчийн зохицуулалтаараа тэргүүлэгч Япон улсын хувьд зөрчил гаргасан этгээдэд 3-10 жилийн хорих ял оноодог гэж тус улсын Зохиогчийн эрхийг хамгаалах газрын төлөөлөгч онцолж байна.




САНАЛ БОЛГОХ