Агаарын бохирдол ба шийдэл
Нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрхийн 10 орчим хувь нь цахилгаан халаагуур хэрэглэж байна. Эдгээр өрхүүд цахилгааны шөнийн тарифыг тэглэх хөнгөлөлт хэрэгжиж эхэлснээс хойш цахилгаан халаагуур авсан талаар Засгийн газар мэдээллээ. Ингэснээр нүүрсний хэрэглээ 50 мянган тонноор буурсан гэсэн үг юм. Нэг өрх жилд хамгийн багадаа 400 мянган төгрөгийн нүүрс түлдэг гэсэн тооцоог Төрийн бус байгууллагууд гаргасан байдаг. Харин цахилгаан халаагуур ашигласны төлбөрт жилд мөн л 400 орчим мянган төгрөг төлдөг талаар цахилгаан зуух ашигладаг айл өрхүүд онцолж байна. Зах зээлд худалдаалагдаж байгаа цахилгаан халаагуурын үнэ 140 мянган төгрөгөөс 2.5 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг. Цаашид нийслэлийн агаарын бохирдол, утааг бууруулахын тулд гэр хорооллын яндангийн тоог цөөлж, бага оврын уурын зуухнуудыг буулгахаар болоод байгаа юм. Нийслэлийн 3100 орчим бичил уурын зуухаас 113 уурын зуухыг энэ онд багтаан буулгах бөгөөд энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 15 уурын зуух буулгах ажлыг эхлүүлжээ. Мөн 2018 онд 850 сая төгрөгөөр зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан зуух болон түлш тараах ажээ. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэхийн тулд онц байдал зарлах саналыг Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлсэн юм.
Үүний дараа УИХ-ын гишүүдээс бүрдсэн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулаад байна. Хэрвээ онц байдал зарлавал, ажил хаяхыг хориглох, тухайн нутаг дэвсгэрт орж гарах хөдөлгөөнийг зогсоох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээг авна. Энэ онд нийслэлийн таван дүүрэгт 35 кв-ын агаарын шугам, хоёр ком хуваарилах байгууламж, 128 ком дэд станц барих, 81 ком дэд станцын чадлыг томсгох ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнээс гадна агаарын бохирдол бууруулах нэг арга бол хийн түлшний хэрэглээ юм. Олон улсын жишигт хийн хоолойг барилгын дэд бүтцэд багтаасан байдаг. Харин Монголд энэхүү технологи хараахан нэвтрээгүй байна. Улсын хэмжээнд хийн түлшний тусгай зөвшөөрөлтэй 15 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс “Дашваанжил”, “Юнигаз”, “Горгаз” компаниуд импортын тусгай зөвшөөрөл аваад байгаа аж. Эдгээр гурван компани нийт 60 мянга гаруй байнгын хэрэглэгчтэй талаар мэдээллээ. Мөн борлуулалтын 60 гаруй хувийг нийтийн хоолны газар эзэлдэг байна.
Харин автомашины хийн борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд нийслэлд автомашин хийгээр цэнэглэх станцын тоог нэмэгдүүлж, хотын төвд салбар нээх хэрэгтэйг дурдсан юм. Улсын хэмжээнд “газаар ажилладаг 8000 гаруй автомашин хөдөлгөөнд оролцож байгаа ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй