Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих дэд хөтөлбөрүүдийг хэлэлцэв
2017 оны II улирлын байдлаар Бизнес регистрийн санд бүртгэлтэй 72 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Статистик судалгаанаас харахад 64 хувь буюу 46 мянга 153 аж ахуйн нэгж, байгууллага нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа ажээ. Үүнээс үйлдвэрлэл эрхэлдэг 8219 аж ахуйн нэгж байгаа нь нийт хувийн хэвшлийн 17.8 хувийг эзэлж байна. Иймээс “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг энэ онд хэрэгжүүлж жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хүртээмжтэй болгоно гэж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мэдээллээ. Мөн борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” гэсэн шошгыг бүтээгдэхүүндээ ашиглахаар компаниуд санал нэгдсэн байна.
2009-2016 онд жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулж импортын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлсөн юм. Тухайн үед 20 гаруй мянган иргэн 37.5 тэрбум төгрөгийн гаалийн, 78.8 тэрбум төгрөгийн НӨАТ-ын хөнгөлөлт эдэлснийг 2016-2020 онд дахин хэрэгжүүлж эхлээд байна. Үүнээс гадна нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2016 онд 102 төсөлд 39.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Зээлийн эргэн төлөлт 95 хувьтай байгааг Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас мэдээллээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй