Хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна

Мэдээ

Хаврын тариалалтын явц өнөөдрийн байдлаар 94.6 хувьтай байна. Нийт 432.4 мянган га-д тариалалт хийж байгаагаас 381.6 мянган га-д үр тариа тариалжээ. Улаан буудайн тариалалт өмнөх жилийнхээс гурван хувиар илүү буюу 362.1 мянган га-д хүрснийг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийт 458.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас урьдчилгаа төлбөртэй хүү багатай зээлийг тариаланчдад олгох ажил дуусжээ. Намрын ургацаас үрийн болон хүнсний буудайгаар төлж барагдуулах нөхцөлтэй энэхүү зээлийн дүн нийт 14 тэрбум төгрөг болох юм байна. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын үеэс эхлэн хуурайшилт ихтэй байгаа тул үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг авч эхэлжээ. Энэ жил цаг агаар 0.3-0.7 хэмээр дулаарах төлөвтэй байгаа бөгөөд иймээс ган гачиг болох эрсдэлтэйг ус цаг уурын шинжээчид сануулж байгаа юм.




САНАЛ БОЛГОХ