Сурагчийн дүрэмт хувцасны борлуулалт жилд дунджаар 12 хувиар нэмэгдэж байна

Мэдээ

Сурагчийн дүрэмт хувцсыг Монголдоо үйлдвэрлэх шийдвэрийг салбарын яам 2014 онд гаргаснаас хойш 23 тэрбум төгрөг, 45 сая ам.долларын зээлийг компаниудад олгосон байна. Үүнээс 17 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, долоон тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн эргэн төлөлтийн төсвөөс олгосон гэж Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Мөн “Чингис бонд”-оос 45 сая ам.долларыг дүрэмт хувцас үйлдвэрлэгчдэд зээлдүүлжээ. Эдгээр зээл авсан байгууллагуудын эргэн төлөлт 80 хувьтай байгаа аж. Дүрэмт хувцас үйлдвэрлэлийн салбарт оёдлын долоо, сүлжмэлийн 38 компани ажиллаж байгаа талаар Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам мэдээлж байна. Оёдлын компаниуд сурагчийн цамц, өмд, пиджак, зангиаг, сүлжмэлийн компаниуд майк, цамц нийлүүлж байгаа ажээ.

2016 онд иргэд хүрэм авалгүй цамц, ноосон майк сонгосноор хүрмийн борлуулалт бараг хийгдээгүй гэсэн мэдээллийг оёдлын компаниуд өглөө. Учир нь хүрэм авалгүйгээр өмд, сурагчийн цамц, ноосон майк авахад нэг хүүхэд 48 мянгаас 68 мянга 500 төгрөгт багтаан хувцаслах боломжтой аж. Харин үндсэн иж бүрдэл нь 78 мянгаас 145 мянган төгрөгийн үнэтэй байдаг байна. Cурагчийн дүрэмт хувцас нэгдсэн журмаар үйлдвэрлэж нэг загвартай болсноос хойш валютын ханшнаас үл хамааран үнийг нэмэлгүй гурван жил тогтвортой барьж байна гэж “Өэлүн Мэнч” компанийн захирал Я.Буянбаатар мэдээллээ.

Харин импортын дүрэмт хувцас дотоодын бүтээгдэхүүнээс 20 орчим хувиар хямд байгааг зах зээлийн мэдээллээс харж болохоор байна. Хэдий тийм боловч дотоодын үйлдвэрлэл эрчимжсэнээс хойш импортын дүрэмт хувцасны борлуулалт 35 хувиар буурсан гэж "Өэлүн Мэнч" компани онцолж байна. Дүрэмт хувцасны борлуулалт жилд дунджаар 12 хувиар нэмэгддэг гэж Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас мэдээллээ.




САНАЛ БОЛГОХ