Япон болон БНСУ-ын улс төрийн орчин ямар байна вэ

Мэдээ

Гадаадын улс орнуудын хувьд улс төрийн орчноо өөрчлөх хүсэл, зорилготой байгаа нь энэ онд зохион байгуулагдсан сонгуулиудаас харагдаж байна. Тухайлбал бүсийн хэмжээнд Япон, БНСУ-ыг онцолж болох юм. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ авлигын хэрэгт холбогдсон цагаас эхлэн Мун Жэ Ин Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэсэн таамаг давамгайлж байсан юм. Мун Жэ Иний ялалт 10 гаруй жил үргэлжилсэн консервитав дэглэмийг эцэслэж, БНСУ-д өөрчлөлт авчирна гэсэн найдлага дагуулж байснаараа онцлогтой гэж хэлж болно. Ялангуяа чинээлэг гэр бүлүүдийг тойрсон авлига, хээл хахуультай тэмцэх нь түүний кампанит ажлын гол амлалтуудын нэг байсан. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, ирэх таван жилд төрийн албанд 800 мянган шинэ ажлын байр бий болгох зорилт тавьсан юм. Түүнчлэн Мүн Жэ Иний баримтлах гадаад бодлого олон улсын анхаарлыг ихээхэн татсан. Учир нь өмнөх удирдагчидтай адилгүй нь тэрээр БНАСАУ-ын талаар зөөлөн бодлого баримталж, энхийн замаар хоёр Солонгосыг нэгтгэх байр суурьтай байгаа юм.

Энэ нь урт хугацааны холбоотон АНУ, тэр дундаа Дональд Трамптай түнжин хагарах шалтгаан болох вий гэсэн болгоомжлолыг бий болгоод байна. Харин Японы хувьд, Ерөнхий сайд Шинзо Абэгийн удирддаг эрх баригч нам өнгөрсөн ням гарагт Токио хотын хууль тогтоох хурлын сонгуульд түүхэн ялагдал хүлээснээр тэрээр албан үүргээ хүлээж авснаас хойших хамгийн хүнд сорилтуудынхаа нэгтэй тулгарсан. Японы Либерал ардчилсан нам ялалт байгуулна гэсэн таамаг өндөр байсан ч Токио хотын захирагч Юрико Койкегийн "Tomin first" буюу "Токиогийн иргэд нэн тэргүүнд" нам 127 суудлаас олонх буюу 49-50 суудал авсан юм. Шинзо Абэ нь 2012 онд Засгийн эрхэнд гарч, эдийн засгийн өсөлтийг дэмжих, бүтцийн шинэчлэл хийх "абэномикс"-ийн бодлoгыг хэрэгжүүлж эхэлсэн.

Гэсэн ч түүний бодлого бодит байдалд хэрэгжихгүй байна гэж үзэх шүүмжлэгчдийн тоо тасралтгүй нэмэгдсээр байгаа юм. Мөн нийгэмд тулгамдаад байгаа хүйсийн тэгш бус байдлыг арилгах, хүүхэд халамжийн үйлчилгээг сайжруулах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ дутагдалтай байгаа нь түүний нэр хүнд нь унах шалтгаан болжээ. Түүнчлэн Ерөнхий сайд Шинзо Абэ хууль бус хандив өгсөн гэх мэдээлэл тархсан нь түүний дэмжигчдэд сөргөөр нөлөөлсөн. Зургадугаар сард хийсэн “Mainichi Shimbun” компанийн судалгаагаар Абэгийн засгийн газрыг дэмжигчдийн тоо анх удаа 50-аас доош хувьд хүрч буурчээ.



САНАЛ БОЛГОХ