Кувейт улс нарны цахилгаан станц барих тендер зарлана
Кувейт улс 1.2 тэрбум ам.долларын өртөг бүхий нарны цахилгаан станц барих тендер зарлахаар боллоо. "Dibdibah" гэх энэхүү нарны станц нь Кувейт улсын сэргээгдэх эрчим хүчийг дэмжих бодлогын нэг хэсэг юм. Тус улс 2030 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 15 хувийг сэргээгдэх эх үүсвэрээр хангах зорилт тавьсан байна. "Dibdibah" нарны цахилгаан станц ашиглалтад орвол сэргээгдэх эрчим хүчний зорилтот нийлүүлэлтийн тал хувийг дангаараа хангах боломжтой юм. Нарны станцын бүтээн байгуулалтын ажлыг 2018 оны I улиралд багтаан эхлүүлэх бөгөөд 2020 он гэхэд дуусна гэж төлөвлөжээ. 32 км квадрат талбайг хамрах "Dibdibah" станц нүүрстөрөгчийн ялгаруулалтыг жилд 1.3 сая тонноор бууруулах боломжтой аж. Албан эх сурвалжийн мэдээлснээр нарны станцын бүтээн байгуулалт хийх компаниудын тендерийн материалыг есдүгээр сарын 7 хүртэл хүлээн авахаар болжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй