Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнгүй
Засгийн газар
Эцсийн шийдвэр ээлжит бус чуулганаас гарна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах, эсэх асуудлыг хэлэлцлээ. Байнгын хороо 89.5 хувийн ирцтэйгээр хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжсэнгүй. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хэрэв би хүнээс нэг л төгрөг авч томилгоо хийсэн бол Ерөнхий сайдаас өөрөө сайн дураараа огцорно. 800 тэрбум төгрөгийн концессийн асуудалд манай Засгийн газрын зүгээс хамаатай хоёр л асуудал байгаа. Нэг нь Дорноговь аймгийн зам, нөгөө нь Хан-Уул дүүрэг дэх 300 ортой эмнэлэг барих юм. Өмнөх засгийн үед байгуулсан концессийн мөнгөний хэмжээг багасгаад зургаан концессоос 50 тэрбум төгрөг хэмнэсэн. Энэ бол 50 цэцэрлэг барих мөнгө. Энэ шийдвэрийг хууль зөрчсөн байна гэж үзжээ. Мөн хууль хүчний байгууллагын асуудлыг сөхөж тавьсан. Засгийн газар болон миний зүгээс хэн нэгнийг тагнаж чагнасан зүйл байхгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.
УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамж гаргасан нь ийнхүү Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах, эсэх асуудлыг шуурхайлан хэлэлцэхэд хүрсэн юм. Уг захирамжид УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 30-наас есдүгээр сарын 7 хүртэл зарлан хуралдуулж, Ерөнхий сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтсон юм.
Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын өмнө Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн шийдвэр гаргав. Улс төрийн зөвлөлөөс УИХ дахь Ардчилсан намын бүлэгт Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжих чиглэл бүхий зөвлөмж хүргүүлжээ. Уг зөвлөмжийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэлэлцэж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ дахь Ардчилсан намын бүлэг хоёр зүйл дээр үндэслэж, шийдвэрээ гаргасан. Засгийн газрыг огцруулах асуудалд нухацтай хандах ёстой гэдэг байр суурь хэвээрээ байгаа. Гэхдээ өнөөдөр өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдал, нийгмийн хүлээлт зэрэгт манай бүлгээс байгуулагдсан Ажлын хэсэг нэлээд нухацтай ажилласан. УИХ-ын гишүүн Л.Болдын ахалсан Ажлын хэсэг аль аль талын улс төрийн төлөөллүүдтэй уулзаж, дүгнэлтээ дөрвөн зүйл дээр тулгуурлан гаргасан. МАН өнгөрсөн нэг жилийн хугацаанд үүргээ биелүүлээгүй, төрийн албыг үнэгүй болгосон, улстөрчдийн ухамсар, ёс зүйн доройтлыг илэрхийлсэн зэрэг олон сөрөг үйлдэл гаргасан учир Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн үзсэн” гэлээ.
Ингэснээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг УИХ-ын 41 гишүүн дэмжиж байгаа юм. Анх Засгийн газрыг огцруулах албан бичгийг УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн санаачилж, өргөн мэдүүлсэн. Гэвч өнгөрсөн мягмар гарагт МАН-ын бүлгийн ээлжит хурал болж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж огцруулах бичигт гарын үсэг зурсан бол удаах өдөр нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нэгдсэн юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй