У.Хүрэлсүхийн хожлын нүүдэл “дан дээл”

Засгийн газар


Төрийн албанд мэргэжилдээ дөхүү хүмүүсийг томилж, ажиллуулна

МАН-ын Бага хурлын үеэр Ерөнхий сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, зорилтоо танилцуулсан. Тэрбээр өмнөх Засгийн газрын боловсруулсан бүтэц, хөтөлбөрийг барьж, боловсон хүчин дээрээ шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж, төрийн албанд мэргэжилдээ дөхүү хүмүүсийг томилж, ажиллуулах нь зөв хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Тиймээс тэр хэлсэн үгэндээ эзэн сууж, шударга ёс, хариуцлагын тогтолцоог хангаж, шинэ Засгийн газраа “дан дээл”-тэй бүрдүүлэх эсэх нь анхаарал татаж байна. Хэрэв У.Хүрэлсүх ингэж чадвал ард түмний итгэлийг бүрмөсөн гартаа атгана. Нөгөөтэйгүүр, Засгийн газар үлдсэн 2.5 жилд тогтвортой ажиллах боломж ч бүрдэнэ. Тиймээс түүний хожлын нүүдэл нь “дан дээл”-тэй Засгийн газар байх нь.

Гэхдээ давааны цаана даваа гэдэг шиг Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан гишүүд дээл давхарлаж өмсөхийг хүсэх нь ойлгомжтой. Ил цагаан хэлэхгүй ч гэсэн битүүхэндээ горьдож байгаа нь нууц биш. Үүнийгээ тэд Ерөнхий сайдын хүлээлгэсэн итгэл, найдвар хэмээн тайлбарлаад, сайдын сэнтийд хоёр гараа хавсраад тухлан суух болов уу. Бас УИХ- д байгаа М.Энхболдын талын хүмүүст “давхар дээл” өмсгөх зайлшгүй шаардлага ч тулгарна. Үгүй гэвэл саяынх шиг нэг хүчтэй давалгаалж, У.Хүрэлсүхийг түлхээд унагах шиг хялбар зүйл журмын нөхдөд нь байхгүй. Хажууд өгүүлж буй инфографикаас өмнөх хоёр үеийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний зураглалыг харахад “давхар дээл”-тэй гишүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Тэгэхээр “дан дээл”-тэй Засгийн газар байгуулна гэдэг үлгэр бололтой. Чухамхүү 50:50 хувьтай байж чадах уу гэдэг асуудал л яригдах аж. Мэдээж хэрэг, хуулийн дагуу Засгийн газрын ерөнхий чиг үүргийн таван яамны сайд нар “давхар дээл”-тэй байж болдог. Харин чиглэлийн найман яамны сайд нарыг УИХ- аас сонгохгүй байвал болох гээд байгаа юм. Гэхдээ... Өнгөрсөн рүү эргэн нэг харья. 2014 онд Ардчилсан нам Засгийн эрх барьж байх үед МАН-ын тухайн үеийн генсек, одоогийн ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат тэргүүтэй намын нөхөд “давхар дээл”-ийг  эсэргүүцэж, Сүхбаатарын талбайд дээлтэй жагсаал, цуглаан зохион байгуулж байв.

Гэтэл өөрсдөө засгийн эрхэнд гарсныхаа дараа “давхар дээл” нөмөрч, бүр УИХ- ын гишүүн байх эсэхээс үл хамаарч мэргэжлийн хүн томилох тал дээр анхаарна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Магадгүй үг, үйлдэл ийн хол зөрсөн нь “мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газрын алдаануудын нэг болсон болов уу. Тиймээс шатрын ноён болох У.Хүрэлсүх бэрс, тэрэг, морь, тэмээ, хүүгээ хэрхэн удирдахаас түүний дараагийн том хожил юу байх нь шалтгаална. Хэрэв журмын нөхдөдөө “бялуу” хуваахгүй бол тэр хариу цохилтод орж, мад тавиулж мэдэхээр нөхцөл байдалд буй. Үүнээс эмээгээд фракцуудын ашиг сонирхлыг адил тэгш хангана гэвэл өмнөх засгаас огт ялгарах зүйлгүй болж хувирна. Ямартай ч тэр эхний даваагаа амжилттай давчихсан. Тиймээс одоо гаргах шийдвэртэй зоримог байж, Засгийн газраа жинхэнэ мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлвэл дараа дараагийн тулгарах бэрхшээлийг хөнгөхөн даваад гарчих болов уу. Энэ нь ч түүний хувьд өмнөх засгаас ялгарах том давуу тал болох нь мэдээж. Угаас олон нийт түүнээс үүнийг л хүсэн хүлээж байна. Харин тэр чадах болов уу...


САНАЛ БОЛГОХ