Топ тоглогчид дээд амжилт дагуулав

Хөрөнгийн зах зээл


Хэдхэн хоногт Монголын хөрөнгийн зах зээл хэд хэдэн амжилт тогтоов

2017 оны эхний хагаст 820- 840 нэгжид хэлбэлзэж байсан MSE ALL жишиг индекс сүүлийн гурван сарын дотор 1000 нэгжийг давтлаа өсчихөөд байна. Тус индекс хөрөнгийн зах зээлийн үсрэнгүй өсөлтийг илтгэн, хадан хясаа лугаа хэрхэн цойлсныг ханшийн муруйгаас харж болно. Тэр бүү хэл, дээд цэгтээ хүрэхийн тулд MSE ALL индекс тасралтгүй есөн хоног дараалан өссөн байгаа юм.

• Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд төгрөгийг давж, таван жилийн дээд цэгт хүрчээ.

• АПУ, “Тавантолгой”, “Сүү” зэрэг том компаниудын хувьцааны ханш өсөж буй нь зах зээлийн үнэлгээ нэмэгдэхэд нөлөөлж байна.

• Дээрх гол тоглогчдын хувьцааны идэвхжил нь Монголын хөрөнгийн зах зээл сэргэхэд гол нөлөө үзүүлж байна.

Тэгвэл чухам “хөлдчихөөд” байсан хөрөнгийн зах зээлийг юу хөдөлгөж дөнгөв. Зах зээлийн жишиг индекс дээд цэгтээ хүрсэн энэ сарын 18 буюу өнгөрсөн даваа гарагийн арилжааг эргэн харъя. Энэ өдөр 28 компанийн 338 мянган ширхэг хувьцаа арилжсанаас 21 хувьцааны ханш өсчээ. Мөн хөрөнгө оруулагчдын хооронд нийт 243 удаагийн хэлцэл хийсэн. Үүнээс АПУ компанийн хувьцаанд хамгийн олон буюу 63 хэлцэл хийсэн байна. Ингэснээр АПУ 34.45 сая төгрөгийн хувьцаа арилжиж, үнийн дүнгээр тэргүүлсэн юм.

“Marketinfo.mn” цахим сайтын үүсгэн байгуулагч Б.Ганболд “АПУ, “Тавантолгой”, “Сүү” зэрэг том компанийн хувьцааны ханш өсөж буй нь зах зээлийн үнэлгээ нэмэгдэхэд нөлөөлж байгаа” хэмээн тайлбарлаж байна. Ер нь сүүлийн үед эдгээр компанийн хувьцаа эрэлттэй байгаа. АПУ компани олон улсын “Heineken International” болон MCS группийн хамтарсан хөрөнгө оруулалттай “М Би Си” компанитай архи, шар айргийн бизнесээ нэгтгэх гэрээг өнгөрсөн долдугаар сард байгуулсан. Үүнээс хойш тус компанийн хувьцааны эрэлт болон ханш өсөж байна. Зөвхөн долдугаар сар гарсаар тус компанийн хувьцааны ханш бараг 50 хувь өссөн байна. Харин сүүлийн гурван сарын хугацаанд АПУ-гийн хувьцааны ханш 140.5 хувиар чангарч, ханшийн өсөлтөөр тэргүүлж буй. Араас нь “Ногоон хөгжил үндэсний нэгдэл”-ийн хувьцааны ханш 100, “Тавантолгой” компанийнх 98.2 хувийн өсөлтөөр удаалж буй аж.

Сүүлийн гурван сарын хувьцааны ханшийн хөдөлгөөнийг харвал Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 85 компанийн ханшид өөрчлөлт гарсан. Үүний 43 хувьцааны ханш өсөж, 42 компанийнх буурчээ. Зах зээл сэргэхэд үнэлгээ, арилжааны идэвхээрээ тэргүүлдэг Топ-20 индексийн сагсанд багтдаг компаниуд нөлөөлсөн. Топ-20 индекс л гэхэд 18229.2 нэгж болж, 2013 оны нэгдүгээр сараас хойших дээд цэгтээ хүрээд байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээл дэх томоохон компаниудын хувьцааны ханш өсөж буй нь зах зээлийн үнэлгээ нэмэгдэхэд нөлөөлж байгаа нь энэ. Наймдугаар сард Монголын хөрөнгийн бирж дэх хүнсний үйлдвэрлэлийн салбарын хувьцааны ханш 2.3, хөнгөн үйлдвэрлэлийн салбарынх 1.26 хувиар тус тус өссөн байна. Хүнсний салбарын өсөлтөд Топ-20-ын сагсыг бүрдүүлэгч “Сүү”, АПУ-гийн хувьцааны ханшийн өсөлт голлон нөлөөлснийг “Marketinfo. mn”-д онцолжээ. Наймдугаар сард гэхэд “Сүү” компанийн 539.74 мянган ширхэг хувьцааг 87.8 сая төгрөгөөр арилжжээ. Ингэснээр “Сүү” компанийн хувьцааны тоо ширхэг болон үнийн дүнгээр хамгийн ололттой таван хувьцааны нэг боллоо. Тус компани өнгөрсөн зургадугаар сард зургаан тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бонд босгосон. Тэрчлэн сүүлийн таван жилд борлуулалтын орлогоо хоёр дахин өсгөөд байгаа юм.

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хувьд “Говь”-ийн хувьцааны ханш өсөлтөөрөө тэргүүлж байна. Тус компанийн хувьцаа наймдугаар сард эрэлт өндөртэй байсан таван хувьцааны нэгд багтсан. “Говь”-ийн нэгж хувьцааны үнэ 15 мянган төгрөгийг давж, нийт 89.4 сая төгрөгийн хувьцаа арилжсан байна. Тус компани экспортыг үйл ажиллагааныхаа жанжин шугам болгож, дотоод удирдлагын зардлаа танасан нь санхүүгийн чадавхид нь эергээр нөлөөлсөн.

MSE ALL индекс тооцож эхэлснээс хойших дээд цэгтээ хүрэв

Ингэснээр дотоодын эдийн засгийн амаргүй үед ашгаа өсгөж чадсан компаниудын тоонд багтсан юм. “Говь” борлуулалтаа энэ оны эхний хагаст есөн тэрбум төгрөгөөр өсгөж, 34 орчим тэрбум төгрөгт хүргэжээ. 2020 он гэхэд 100 хувийн ноолууран пальтоны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болох төлөвлөгөөтэй байгаа. Хувьцаат компаниудын өндөр хүлээлт бүхий шилжилт, нэгдэн нийлэлт, өсөлтөөр дүүрэн санхүүгийн байдал нь хөрөнгө оруулагчдыг ийн татаад байна. Үүгээр зогсохгүй AПУ, “Сүү”,  “Говь” зэрэг гол тоглогчдын хувьцааны идэвхжил Монголын хөрөнгийн зах зээл сэргэхэд гол нөлөө үзүүлж байна.


САНАЛ БОЛГОХ