Түлшний үнийг тогтоох боломж бий

Мэдээ


Хойд хөршөөс манайд нийлүүлэх үнэ сүүлийн саруудад буусан

Түүхий эдийн үнийн сэргэлт, эрэлтээс үүдэн олон улсын зах зээлд шатахууны үнэ өсөөд байна. Энэ сарын эхээр АНУ-д шатахууны ханш зургаан арилжаа дараалан өслөө. Үүнээс гадна ОХУ шатахууны үнэ нэмэхээр хэлэлцэж эхэлснийг хойд хөршийн зарим хэвлэлүүд мэдээлж байна. Тэгвэл шатахуун, түлшнийхээ 93 хувийг хойд хөршөөс худалдаж авдаг Монгол Улсад энэ нь хамаатай юу. “Риа Новости” агентлагийн мэдээллээр хойд хөршийн Засгийн газар түлш, шатахууны үнийг хоёр үе шаттай нэмэхээр хэлэлцэж буй бөгөөд эцсийн шийд гараагүй байна. Дээрээс нь нэгэн цагт 28 ам.доллартай тэнцэж байсан газрын тосны ханш өндийж эхэлсэн. Пүрэв гарагийн байдлаар “Brent” төрлийн газрын тосны ханш олон улсын зах зээлд 57 ам.долларт хүрээд байна. Эдгээр шалтгааны улмаас сүүлийн хэдэн жил тогтвортой байсан шатахуун, түлшний ханш хөдөлчих юм биш биз.

Монгол Улс наймдугаар сард 158 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсныг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. Үүний 93 хувийг ОХУ-аас авч, үлдсэнийг нь БНХАУ, БНСУ зэрэг улсаас импортолжээ. Ингэснээр нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээ 74 хувиар өссөн болохыг Монголбанкны худалдааны тоймд дурдсан байна.

Сүүлийн жилүүдэд шатахууны үнийг онцгой албан татвараар жолоодож ирсэн. Газрын тосны үнэ өсмөгц шатахууны импортын онцгой албан татварыг буулгана. Харин үнэ буурмагц татвар өсгөж, төсвийн орлогоо нэмсээр өдий хүрсэн юм. Тиймээс онцгой албан татвар нь үнэ тогтох үндсэн нөхцөлийн нэг болсон. Тухайлбал, энэ оны эхээр газрын тосны үнэ дээшилж, ам.долларын ханш чангарсан гэх тайлбартайгаар шатахууны онцгой албан татвар буурсан. Импортын татварыг тонн тутамд 130-280 мянган төгрөгөөр хөнгөлсөн. Гэсэн ч  дотоодын шатахуун импортлогчид жижиглэнгийн үнээ 100 төгрөгөөр өсгөсөн юм. Гэвч татвар, төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн долдугаар сард газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг 110-130 мянган төгрөгөөр нэмсэн. Гэхдээ хилийн үнэ буурч, дотоод зах зээлд валютын ханш хэвийн байгаа зэргээс үүдэн жижиглэнгийн үнэ өсөөгүй. Ингэснээр татварын өсөлтөөс 2017 онд гэхэд 103.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ.

Мөн Монгол Улсаас ОХУ-ын "Rosneft" компанид хандан 2017 онд нийлүүлэх шатахууны үнээ хямдруулах санал тавьжээ. Тодруулбал, төвийн бүсээр орж ирэх түлшний үнийг 10 ам.доллар, баруун болон зүүн бүсийнхийг 20 ам.доллараар буулгахыг хүсчээ. Үүнээс үүдэн хойд хөршөөс манайд нийлүүлэх үнэ ч сүүлийн саруудад буусан байгаа юм. Монголбанкны худалдааны тоймд дурдсанаар тавдугаар сард 583 ам.доллартай тэнцэж байсан нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ зургадугаар сард 32 ам.доллараар буурсан. Энэ уналт удаах саруудад ч үргэлжилсэн бөгөөд наймдугаар сарын байдлаар 531 ам.долларт хүрээд байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн дөрвөн сарын дотор 52 ам.доллараар буурчээ.

Олон улсын зах зээл дэх газрын тосны ханш, Сингапурын биржийн үнэ гээд олон хүчин зүйлийг харгалзан хойд хөршөөс манайд нийлүүлэх үнэ тогтдог болохыг албаныхан мэдээлсэн. Төр засгийн зүгээс ч түлш, шатахууны үнийг тогтвортой байлгахад анхаарч, татварын уян хатан бодлого хэрэгжүүлэхээ амлаад байсан юм. Учир нь үе үеийн Засгийн газарт бензиний үнэ дарамт болж ирсэн. Шатахуун, түлшний үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчихдөг нийтлэг хандлага бий. Тухайлбал, 2008 онд бензиний үнэ 369 төгрөгөөр өссөн нь өмнөх оны үнийн түвшингээс 38.7 хувиар дээшилсэн байна. Гэтэл килограмм гурилын үнэ 58 хувиар өсөх жишээтэй.

Сүүлийн жилүүдэд шатахууны үнийг онцгой албан татвараар жолоодож ирсэн
Харин ханш бага зэрэг сулрах үед гурилын үнэ буураагүйг бараа, бүтээгдэхүүний ханшийн мэдээллээс харж болно. Угтаа зах зээлийн зарчмаараа буух үед нь буулгаад, өсөх үедээ өсгөх учиртай. Гэвч энэ зарчим манайд яах аргагүй гаждаг. Бид ч энэ гажигт бүр дасал болж, энгийн, хэвийн мэтээр ойлгож эхлээд байна. Харин шатахууны үнэ өсвөл дагаад барааны үнэ нэмэгддэг хууль хэзээ ч гажиж байсангүй.

Энэ жилийн хувьд албаныхан ханшийг тогтвортой хадгалахаар зорьж байна. Шинэ Засгийн газраас ч ийм бодлогыг иргэд хүлээж байгаа. Учир нь онцгой албан татварын уян хатан бодлого баримталж шатахууны үнийг хадгалж , иргэдийн нуруун дээрх дарамтыг нэмэхгүй байх боломж бий. Мөн хойд хөрш ч хилийн үнэд нааштай бодлогоор хандаж байгаа тул үнийн өсөлтөөс иргэд болон бизнес эрхлэгчдээ хамгаалах боломж эрх баригчдын гарт байна. Эс бөгөөс шатахуун дагадаг өргөн хүрээний үнийн өсөлт зах зээлийг бүрхэж, хямралын хөлд чирэгдсэн иргэдэд илүү дарамт болох нь.


САНАЛ БОЛГОХ