Хариуцлага сануулсан хайрхан

Спорт


160 мянган ам метр талбайд эрлийг явуулж байна

Отгонтэнгэр хайрханд осолдсон 17 уулчны 14-ийнх нь цогцсыг мягмар гарагийн 20.16 цагт Улаанбаатарт авчирлаа. Буянт-Ухаад байрлах Хилийн цэргийн 303 дугаар ангийн нисэх талбайд газардсан нисдэг тэргээс талийгаачдын цогцсыг түргэн тусламжийн тэрэгт шил жүүлэн ачиж, 20.55 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зүг эмнэлгийн цуваа хөдөлсөн юм. Манай сонины сурвалжлах баг нисдэг тэрэг газардахтай зэрэгцэн очиход хилийн цэргийн ангийн гадаа цагдаагийн бие бүрэлдэхүүн, талийгаачдын ар гэрийнхний 30 орчим автомашин цугласан байлаа.

Харин нисдэг тэрэг ирэхээс цаг гаруйн өмнө монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Отгонтэнгэрээс Улаанбаатарт ирж хэвлэлийн шуурхай хурал хийсэн юм. Тэрбээр “олдсон 14 цогцсыг нэн яаралтай авчрахыг үүрэг болгосон” хэмээн мэдэгдсэн. Даваа гарагийн 18.00 цагаас хойш ослын газарт ажилласан тэрбээр ослын нөхцөл байдлын талаар “Хайрханыг хоёр удаа тойрсон. Маш том хэмжээний гулсалт үүссэн байсан. Ул мөр нь уртаараа 700, өргөнөөрөө 150 метр талбайг  хамарсан байна. Харин уулнаас эсэн мэнд бууж ирсэн 10 хүн нисдэг тэргээр биш өөрсдийн машинаар явахаар болсон. Ослын газар хүн хүч, техник тоног төхөөрөмжөөр дутагдаагүй. Харин олон хүнийг зөв зохион байгуулж ажиллах шаардлагатай байгаа. Маргаашнаас цаг агаар муудах төлөвтэй байгаа нь эрэн хайх ажиллагааг хүндрүүлэх эрсдэлтэй” хэмээсэн юм. Шинжээчдийн үзэж буйгаар уулчид отгонтэнгэр оргилоос доош 50 метрт явж байхдаа цасан нурангид нэрвэгдсэн байж болзошгүй хэмээж буй ч албан ёсны дүгнэлт гараагүй байгаа билээ. одоогоор хамгийн өндөртөө 3200-3400 метрээс цогцос олдсон байна.

Тиймээс уулчид цасан нурангид дарагдан, улмаар наанадаж 600700 метр доошоо унасан байж болзошгүйг ОБЕГ мягмар гарагт хийсэн мэдээлэлдээ дурдсан юм. Харин ослын газар ажиллаж буй МҮОНРТ-ийн сурвалжлах баг уулчид цасан нурангид дарагдаж бараг 800 орчим метрийн өндрөөс хадан хавцал руу унасан гэдэг нь тодорхой байгаа талаар мэдээлсэн. мягмар гарагийн 17 цагийн байдлаар “Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа тул цас ухаж эрлийн ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй болж байна” гэх мэдээллийг тус газар цахим хуудастаа байрлуулсан юм. ОБЕГ-ын харьяа аврах тусгай ангийн эрэн хайх хоёр бүлгийн хээрийн штаб 2775 метрээс дээшилж 2811 метр өндөрт байрлаад байгаа аж. Нийт 160 мянган ам метр талбайд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд зарим газар 35 метр хүртэлх гүнд цас ухаж байгаа юм байна.

Уулын спортын түүхэн дэх хамгийн том осол

Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан аяллын бүрэлдэхүүнд долоон эмэгтэй, 20 эрэгтэй хүн байжээ. Уулнаас эсэн мэнд эргэж ирсэн 10 хүний хоёр нь эмэгтэй бол үлдсэн таван эмэгтэй гурвынх нь цогцос одоогоор олдоод байгаа аж.  Аялагчдын ес нь “Horizon”, найм нь “Хамтдаа алхая”, зургаа нь сонирхогчийн клубийн гишүүн байсан бол “Оргил өөд”, DCI, Skyrun болон Хайрхан клубээс тус бүр нэг гишүүн явжээ. 1955 онд байгуулагдсан Монголын уулчдын үндэсний холбоонд өдгөө уулын аяллын 15 клуб бүртгэлтэй байдаг байна.

Харин тус холбоонд бүртгүүлээгүй 20 орчим сайн дурын клуб байдаг аж. Завхан аймгийн зүүн урд хэсэгт оршдог Отгон сумын Отгонтэнгэр хайрхан нь уулчдын “Дөрвөн бэрхэч” хэмээх цолны болзол хангах оргилд тооцогддог аж. Мэргэжлийн уулчдын хэлж буйгаар Отгонтэнгэр хайрханд авирах нь хүнд авиралтын төрөлд ордоггүй байна. Гэхдээ аяллын аюулгүй байдлыг хангахад багийн ахлагч гишүүдийнхээ эрүүл мэнд, сэтгэл зүйг сайтар бэлдэх хэрэгтэй байдаг байна. Бидэнд нэрээ нууцлахыг хүссэн нэгэн мэргэжлийн уулчин хувийн дүгнэлтээ илэрхийлсэн юм. Тэрбээр “Отгонтэнгэр хайрхан уг нь найман цаг явахаар хол биш. Дунджаар 45 цаг л явдаг. Миний бодлоор аяллын багт нь бие муутай хүн байсан байж болзошгүй” хэмээв.

Тэрчлэн мэргэжлийн уулчид нэг олсонд дунджаар 56 хүн явдаг бөгөөд эгц өндөр, хад асга ихтэй бол 23 хүн нэг олсонд явдаг жишиг байдаг юм байна. Мөн дээшлэх тусам хүчилтөрөгчийн дутагдалд орох болон эрүүл мэндийн ноцтой зовиур Монголын нөхцөлд харьцангуй гайгүй гэдгийг эх сурвалж онцолсон юм. Харин даралтын өөрчлөлтөд хэт мэдрэг хүн бага зэрэг анхаарах шаардлагатай аж. Хангайн нурууны Отгонтэнгэр уулын геологийн нас нь 900 сая жилийн тэртээ буюу өнө эртний уул нуруудын нэг аж. Дундад азийн улсуудыг дамнуулан тархсан Тэнгэр уул гэх нэрээр газрын зурагт тэмдэглэгдсэн бөгөөд Отгонтэнгэр хайрхан нь уг уулын хамгийн отгон буюу “Гал сахигч” оргил нь. Тэнгэр уулын ах нь Кыргыз, Хятадын хилийн заагт оршдог, далайн түвшнээс дээш 7100 метрийн өндөртэй Хантэнгэр уул юм. Энэ удаагийн тохиолдол манай уулын спортын түүхэнд бичигдсэн хамгийн том осол юм. Түүхийн хуудас сөхвөл 1961 онд Увс аймгийн Түргэний ууланд осолдсон 10-аад уулчны нэг нь амиа алдаж байсан бол 1980-аад онд мөн нэг тохиолдол бүртгэгдсэн. Гэтэл сүүлийн гурван жилд энэ тоо эрс нэмэгдлээ. 2014 оны хоёрдугаар сард гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Л.Болдбаатар, 2015 онд таван уулчин алтай таван богдод харамсалтайгаар осолдож, амь эрсэдсэн түүхтэй.
САНАЛ БОЛГОХ