Шударга олборлолтын шинэ найдвар

Уул уурхай


Олимпизмын бэлгэ тэмдэг, дэлхийн 130 шилдэг брэнд ёс зүйтэй алтыг сонгожээ

Монголын алт “ногоон” болжээ гэсэн мессеж дэлхий даяар тархсаныг та анзаарсан уу. Цианит натри, мөнгөн усгүй технологиор олборлож, нөхөн сэргээлт, татвар төлөлт, нийлүүлэлт нь ил тод, шударгаар явагдсан монгол алт Герман, АНУ-ын үйлдвэрлэгчдэд хүрчээ. Олимпизмын бахархалт эрхмүүд, Нобелийн шагналтнууд, гоёл чимэглэлийн уран дархчуудын сонгох болсон “ногоон” алтыг монголчууд үйлдвэрлээд эхэлжээ гэсэн үг. Нунтаг шороо, чулуун хүдрээс ёс зүйтэй олборлосон алтыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн түүх тун саяхных.

Гэхдээ “Эко алтны зах зээл бага боловч хурдтай тэлж байгаа” хэмээн Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)-ийн Тогтвортой бичил уурхай төслийн үндэсний зохицуулагч Б.Алтанбагана ярилаа. Эко хэмээн өргөмжилж буй алтны хэрэглээг Швейцарын тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн Chopard брэнд дэлхий нийтэд анх түгээжээ. 2013 онд Каннын кино наадамд оролцсон эрхмүүд эко алтаар урласан цувралаар гоёсноор хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр шингээгүй, байгаль орчинд хортой технологи ашиглаагүй, нийлүүлэлтийн ил тод сүлжээ бүхий хариуцлагатай уул уурхайн төлөө дуу хоолойгоо нэгтгэсний илрэл байсан юм. Үүний дараа 2015 онд Колумбын бичил уурхайчдын олборлосон алтаар Нобелийн энх тайвны шагналыг урласан нь эко алтны үзэл санааг түүчээлсэн гэдэг.

Харин 2016 онд Риогийн Олимпийн нээлтийн үеэр Кенийн хөнгөн атлетикийн алдарт тамирчин Кипчоге Кейно эко алтаар урласан “Олимпийн лавр” шагналын эзэн болсон билээ. Олимпизмын үзэл санааг сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсных нь төлөө түүнд олгосон энэхүү шагнал олимпийн нээлтийн арга хэмжээний хүндтэй агшнуудын нэг байсныг уншигч та санаж буй биз ээ. Өдгөө эко алтыг дэмжихээр Microsoft, Kering гээд дэлхийн 130 брэнд дуу хоолойгоо нэгтгэж, компанийн хариуцлагын нэг хэсэг болгоод байна. Хариуцлагатай уул уурхайг түгээн дэлгэрүүлэгч Fairmined.org цахим хуудасны онцолсноор ёс зүйтэй олборлосон алтны хэрэглэгч болох гоёл чимэглэл, технологи үйлдвэрлэгчдийн тоо жил тутам 10 гаруй хувиар тэлж буй аж.

Үүнээс гадна хувь хүмүүс ч эко алтан гоёлын гол хэрэглэгчид. АНУ-ын нэгэн хос эко алтны олон улсын сертификаттай болсон Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ХАМОДХ ТББ-аас хуримын алтан бэлзгийн түүхий эдээ захиалж авсан талаар Б.Алтанбагана сонирхуулсан юм. Дэлхий даяар 100 сая орчим хүн бичил уурхай, гар аргаар ашигт малтмал олборлож, амьжиргаагаа залгуулдаг тухай Fairtrade International байгууллагаас мэдээлжээ. Тэд дэлхийн нийт алтны 10 хувийг нийлүүлдэг боловч ажиллах хүчний 90 орчим хувийг бүрдүүлдэг. Харин манай улсад энэ тоо 60-100 мянгад хэлбэлздэг гэх албан бус судалгаа бий. Үүний арав гаруй хувь нь бичил уурхайн зохион байгуулалтад орсон байдаг.

Тэдний 80 хувь буюу 5000 орчим нь алт олборлож, аж амьдралаа тэтгэж буй. Гэвч алтны худалдааны албан сүлжээг мэддэггүйн улмаас хөдөлмөрийн үр шимээ шударга хүртэж чаддаггүй, эрх нь зөрчигдөх үзэгдэл одоо ч бий. 2017 онд ШХА-ийн Тогтвортой бичил уурхай төсөл, Татварын ерөнхий газар, Сорьцын хяналтын газар болон Монголбанктай хамтран алтны нийлүүлэлтийн албан ёсны сүлжээний талаарх сургалт явуулж, найман аймаг, нэг дүүргийн нийт 900 гаруй бичил уурхайчныг хамруулжээ. Гэтэл нийт оролцогчдын 80 хувь алтны нийлүүлэлтийн албан сүлжээний талаар тодорхой мэдлэггүй байсан нь сургалтын дараа явуулсан санал асуулгаас тодорхой болсон байна.

Хүн төрөлхтний эв нэгдэл, тогтвортой хөгжлийн гэрэл гэгээ шинэ мянгантай зэрэгцэн бичил уурхайн гүнд тусаж эхэлснээр эко алтны эрин эхэлсэн түүхтэй. 2017 онд алтны нийлүүлэлтээр 17 дугаарт бичигдсэн Колумб улсын чийглэг ширэнгийн гүнээс түгсэн шударга олборлолт өдгөө тал нутагт нутагшаад багагүй хугацаа өнгөрч байна. Дэлхий даяар долоон байгууллага эко алтны сертификаттай бөгөөд тэдний нэг нь хонгор нутгийн ногоон хөндийд үйл ажиллагаа явуулдаг ХАМОДХ ТББ юм. Орон нутагт татвараа төлж, олборлолт хийсэн газраа нөхөн сэргээж, байгальд ээлтэй технологи ашиглаж буй тэдний туршлагыг бусад уурхайд нэвтрүүлснээр алтны нийлүүлэлтийн төвлөрлийг сааруулах, албан бус сүлжээг ил тод болгоход чухал алхам болох юм.

САНАЛ БОЛГОХ