-Олимпизмын бэлгэ тэмдэг, дэлхийн 130 шилдэг брэнд ёс зүйтэй алтыг сонгожээ-
Монголын алт “ногоон” болжээ гэсэн мессеж дэлхий даяар тархсаныг та анзаарсан уу. Цианит натри, мөнгөн усгүй технологиор олборлож, нөхөн сэргээлт, татвар төлөлт, нийлүүлэлт нь ил тод, шударгаар явагдсан монгол алт Герман, АНУ-ын үйлдвэрлэгчдэд хүрчээ. Олимпизмын бахархалт эрхмүүд, Нобелийн шагналтнууд, гоёл чимэглэлийн уран дарх чуудын сонгох болсон “ногоон” алтыг монголчууд үйлдвэрлээд эхэлжээ гэсэн үг. Нунтаг шороо, чулуун хүдрээс ёс зүйтэй ол борлосон алтыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн түүх тун саяхных. Гэхдээ “Эко алтны зах зээл бага боловч хурдтай тэлж байгаа” хэмээн Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)ийн Тогтвортой бичил уурхай төслийн үндэсний зохицуулагч Б.Алтанбагана ярилаа.
Эко хэмээн өргөмжилж буй алтны хэрэглээг Швейцарын тансаг зэрэглэлийн гоёл чи мэглэлийн Chopard брэнд дэлхий нийтэд анх түгээжээ. 2013 онд Каннын кино наадамд оролцсон эрхмүүд эко алтаар урласан цувралаар гоёсноор хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр шингээгүй, байгаль орчинд хортой технологи ашиглаагүй, нийлүүлэлтийн ил тод сүлжээ бүхий хариуцлагатай уул уурхайн төлөө дуу хоолойгоо нэгтгэсний илрэл байсан юм. Үүний дараа 2015 онд Колумбын бичил уурхайчдын олборлосон алтаар Нобелийн энх тайвны шагналыг урласан нь эко алтны үзэл санааг түүчээлсэн гэдэг. Харин 2016 онд Риогийн Олимпийн нээлтийн үеэр Кенийн хөнгөн атлетикийн алдарт тамирчин Кипчоге Кейно эко алтаар урласан “Олимпийн лавр” шагналын эзэн болсон билээ. Олимпизмын үзэл санааг сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсных нь төлөө түүнд олгосон энэхүү шагнал олимпийн нээлтийн арга хэмжээний хүндтэй агшнуудын нэг байсныг уншигч та санаж буй биз ээ.
Өдгөө эко алтыг дэмжихээр Microsoft, Kering гээд дэлхийн 130 брэнд дуу хоолойгоо нэгтгэж, компанийн хариуц лагын нэг хэсэг болгоод байна. Хариуцлагатай уул уурхайг түгээн дэлгэрүүлэгч Fairmined.org цахим хуудасны онцолсноор ёс зүйтэй олборлосон алтны хэрэглэгч болох гоёл чимэглэл, технологи үйлдвэрлэгчдийн тоо жил тутам 10 гаруй хувиар тэлж буй аж. Үүнээс гадна хувь хүмүүс ч эко алтан гоёлын гол хэрэглэгчид. АНУ-ын нэгэн хос эко алтны олон улсын сертификаттай болсон Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ХАМОДХ ТББ-аас хуримын алтан бэлзгийн түүхий эдээ захиалж авсан талаар Б.Алтанбагана сонирхуулсан юм.
Дэлхий даяар 100 сая орчим хүн бичил уурхай, гар аргаар ашигт малтмал олборлож, амьжиргаагаа залгуулдаг тухай Fairtrade International байгууллагаас мэдээлжээ. Тэд дэлхийн нийт алтны 10 хувийг нийлүүлдэг боловч ажиллах хүчний 90 орчим хувийг бүрдүүлдэг. Харин манай улсад энэ тоо 60-100 мянгад хэлбэлздэг гэх албан бус судалгаа бий. Үүний арав гаруй хувь нь бичил уурхайн зохион байгуулалтад орсон байдаг. Тэдний 80 хувь буюу 5000 орчим нь алт олборлож, аж амьдралаа тэтгэж буй. Гэвч алтны худалдааны албан сүлжээг мэддэггүйн улмаас хөдөлмөрийн үр шимээ шударга хүртэж чаддаггүй, эрх нь зөрчигдөх үзэгдэл одоо ч бий. 2017 онд ШХА-ийн Тогтвортой бичил уурхай төсөл, Татварын ерөнхий газар, Сорьцын хяналтын газар болон Монголбанктай хамтран алтны нийлүүлэлтийн албан ёсны сүлжээний талаарх сургалт явуулж, найман аймаг, нэг дүүргийн нийт 900 гаруй бичил уурхайчныг хамруулжээ. Гэтэл нийт оролцогчдын 80 хувь алтны нийлүүлэлтийн албан сүлжээний талаар тодорхой мэдлэггүй байсан нь сургалтын дараа явуулсан санал асуулгаас тодорхой болсон байна.
Хүн төрөлхтний эв нэгдэл, тогтвортой хөгжлийн гэрэл гэгээ шинэ мянгантай зэрэгцэн бичил уурхайн гүнд тусаж эхэлснээр эко алтны эрин эхэлсэн түүхтэй. 2017 онд алтны нийлүүлэлтээр 17 дугаарт бичигдсэн Колумб улсын чийглэг ширэнгийн гүнээс түгсэн шударга олборлолт өдгөө тал нутагт нутагшаад багагүй хугацаа өнгөрч байна. Дэлхий даяар долоон байгууллага эко алтны сертификаттай бөгөөд тэдний нэг нь хонгор нутгийн ногоон хөндийд үйл ажиллагаа явуулдаг ХАМОДХ ТББ юм. Орон нутагт татвараа төлж, олборлолт хийсэн газраа нөхөн сэргээж, байгальд ээлтэй технологи ашиглаж буй тэдний туршлагыг бусад уурхайд нэвтрүүлснээр алтны нийлүүлэлтийн төвлөрлийг сааруулах, албан бус сүлжээг ил тод болгоход чухал алхам болох юм
ЗГМ: ТОДРУУЛГА
Б.Алтанбагана: Алтны кг тутмыг 6000 ам.доллараар урамшуулдаг
Эко алт, шударга олборлолтын талаар ШХА-ийн Тогтвортой бичил уурхай төслийн үндэсний зохицуулагч Б.Алтанбаганаас дараах зүйлсийг тодрууллаа. Тэрбээр ёс зүйтэй олборлолтын гэрчилгээ авахад 208 шаардлага хангадаг хэмээв.
-Эко алт гэж ямар олборлолтыг хэлээд байна вэ?
-Олборлох үйл ажиллагаандаа хууль зөрчөөгүй, байгаль ор чинд сөрөг нөлөө багатай, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр болон хөдөлмөрийн мөлжлөг ашиглаагүй, хариуцлагатай, ёс зүйтэй олборлосон алтыг эко гэж нэрлэдэг. Латин Америкийн Колумб улсад төвтэй Хариуцлага тай бичил уурхайн холбооноос шударга олборлолтын стандарт боловсруулсан. Үүнийг бид Монгол Улсад нэвтрүүлээд ажиллаж байна. Энэ стандартыг Баянхонгор аймгийн БаянОвоо сумын ХАМОДХ бичил уурхайн ТББ үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Үндсэндээ Монголд эко алт байгаа гэж үзэж болно. Энэ стандартыг нэвтрүүлэхийн тулд 208 шаардлага хангасан.
-Зөвхөн үндсэн ордоос л эко олборлолт хийдэг үү. Шороон орд дээр нэвтрүүлэх боломжтой юу?
-Аль алинд нь нэвтрүүлж болно. Гэхдээ стандартад бэлтгэх явц наанадаж жил гаруйн хугацаа шаарддаг. Тиймээс манай улсын хувьд шороон ордын нөөц харьцангуй бага байгаа тул төдий л тохиромжтой бус. Латин Америк, Африкт бол шороон ордын жишээ их.
-Технологийн талаар тодорхой тайлбарлахгүй юу?
-Хүдрээ тээрэмдэж бутлаад шороо болгодог. Шороогоо сэгсрэх ширээн дээр асгаж, татах хүчний тусламжтай алтаа шороо болон бусад дагалдах элементээс ялгадаг. Нарийн түвэгтэй технологи бол биш. Харьцангуй энгийн талдаа. Одоохондоо Монголд боломжтой технологи нь энэ. Уг нь дэлхий дахинд байгальд ээлтэй, гарц өндөртэй технологи хөгжөөд байна.
-Хаягдал ихтэй юу?
-Технологийн горимоо баримт лаад явбал сэгсрэх ширээ 20 хувийн л хаягдалтай. Тоног төхөөрөмжийн элэгдлээс хамаараад энэ тоо бага зэрэг ихэснэ. Гэхдээ уснаас өөр ямар ч химийн бодис хэрэглэдэггүй технологи.
-ХАМОДХ бэлтгэлээ хэзээнээс эхэлсэн бэ?
-Ерөнхийдөө 2014 оноос эхэлж 2015 онд гэрчилгээгээ авсан. Жил бүр гаднын аудитын байгууллагаар үйл ажиллагаагаа үнэлүүлдэг. Энэ жил гурав дахь жилдээ сертификат нь баталгаажсан. -Энэ хугацаанд хэчнээн кг эко алт олборлосон бэ? -2016-2017 онд хоёр кг эко алт экспортолсон. Ойрын хугацаанд дахиад хоёр кг-ийг экспортлохоор бэлтгэж байгаа. Энэ онд таван кг эко алт экспортлохоор Герман дахь худалдан авагчтайгаа гэрээ байгуулсан.
-Алтны худалдааны далд сүлжээгээр дамжаагүй гэж ойлгож болох уу?
-Тийм. Германы “Трейд гоулд” байгууллагатай гэрээ байгуулж, дэлхийн зах зээлийн ханшийн 99 хувьтэй тэнцэх үнээр нийлүүлж байгаа. Эко алтны нэг кг тутамд 6000 ам.долларын урамшуулал олгодог. Үүний гуравны нэг нь хариуцлагатай олборлолт, үлдсэн нь химийн бодис ашиглаагүйнхээ төлөө авч буй урамшуулал юм.
-Шударга олборлолтын эерэг үр дүн мэдээж их байгаа байх?
-Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн хандлага маш сайн төлөвшиж байна. Мэдээж алтны ханш сүүлийн хэдэн жил өндөр байгаа тул амьжиргаанд нь нэмэр болж байгаа. Нөгөөтэйгүүр, хариуцлагатай үйл ажиллагаа явуулснаар нутгийн иргэд, удирдлагын зүгээс ч эерэгээр хандаж байна. Мөн нөхөн сэргээлт хийгээд, татвараа төлснөөр тухайн газраа ашиглах баталгаа улам л нэмэгдэж, сайн түүх бүтээж байгаа.
-Цаашид та бүхний оролцоогүйгээр хариуцлагатай олборлолт нэвтэрнэ гэсэн баталгаа хэр байна вэ?
-Орон нутгийн удирдлага хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх талаар маш их анхаарал хандуулах болсон нь сайшаалтай. Үүнийг сүүлийн үеийн олон хурал, уулзалтаар мэдлээ. Тухайлбал, Ховд аймгийн Засаг дарга бүрэн бүрэлдэхүүнээр ХАМОДХ дээр очиж туршлага судалсан. Төв аймгийн Засаг дарга ч хүсэлтээ илэрхийлсэн. Энэ мэт туршлага судлах аялал ид өрнөж байна. Ирэх онд ч үргэлжлэх байх.