Уул уурхай хөгжиж байж бусад салбарт дэм болно

Уул уурхай


Эрчим хүчний муу хангамж, орон нутгийн шахалт уурхайнуудыг туйлдуулж байна​



Энэ оны эхний улиралд манай улс 23.4 тонн цайр үйлдвэрлэн, экспортод гаргажээ. Үүний нэлээд хэсгийг манай орны зүүн бүс дэх “Шинь Шинь” ХХК болон “Цайрт Минерал” ХХК үйлдвэрлэн гаргадаг. УУХҮ-ийн сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд зүүн аймгуудад ажиллахдаа дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байрлах улааны уурхай болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төмөртийн овооны уурхайд цайр олборлодог хоёр уурхайн нөхцөл байдалтай танилцсан юм. Энэ бүсийн уурхайнуудад нийтлэг тулгарч буй хүндрэл нь эрчим хүч, зам тээврээс гадна орон нутгийн зүгээс шахалт, дарамт шантааж их байгаа нь хэвийн үйл ажиллагаа явуулахад саад болж буйг учирлаж байсан юм. Сайд Д.Сумъяабазар “орон нутагтай холбоотой асуудал хамгийн их сэтгэл зовоож байна. Уул уурхай хөгжиж байж бусад салбар хөл дээрээ босож, улс орон хөгжинө гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрсдөө бүтээсэн зүйлгүй байж бүтээж байгаа нэгэндээ ингэж хандаж болохгүй” гээд, мөн холбогдох бусад асуудлыг Засгийн газарт тайлагнаж, хуралдаанаар хэлэлцэнэ гэдгээ айлчлалын төгсгөлд дүгнэн хэлсэн юм.


“Монгол ажилчдын цалин, хангамжийг нэмэхэд анхаарч ажиллаарай”


Чойбалсан хотоос 125 км-т байрлах Улааны болон Мухарын аманд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК цайр, төмрийн хүдэр олборлоод хоёр дахь жилтэйгээ золгож байна. Нийт 200 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, үүнээс 130 саяар нь баяжуулах үйлдвэр барьсан уг уурхайн олборлолтын талбай одоогоор 2.26 ам км байгаа бөгөөд улааны аманд 1.01 ам км талбайд уран олборлох зөвшөөрөлтэй аж. Тус компани 2016 оны хоёрдугаар хагасаас үйл ажиллагаагаа эхэлснээс хойш энэ оны дөрөвдүгээр сар хүртэл нийт 1.15 сая тонн хүдэр олборлож, 1.25 сая тонныг баяжуулж, 73147 тонн цайр болон хар тугалгын баяжмал үйлдвэрлэн БНХАУ-ын зах зээлд нийлүүлжээ. “Шинь Шинь” нь 2004 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэхдээ хууль журамтай холбоотой олон асуудлын улмаас үйл ажиллагаагаа зогсоож, 2016 оны зургадугаар сараас сэргээн ажиллаж байгаа нь энэ юм. Улааны ордын хар тугалга, цайрын уулын баяжуулах үйлдвэр нь хүдрээ бутлах, нунтаглах, хөөсрүүлэн баяжуулах, баяжмал шүүн хатаах гэсэн гурван үндсэн технологийн хэсгээс бүрддэг. Баяжуулах үйлдвэрт ороход дуу чимээ ихтэй хүдэр бутлах машин ажиллаж, зогсолтгүй нүргэлэх бөгөөд ийн нунтаг болсон хүдрээ хөөсрүүлэн баяжуулж, шүүн тунгаагаад, эцэст нь хоёр тоннын багтаамжтай уутанд савладаг байна.


Үйлдвэрлэлийн хүчин чадал хоногт 3000 тонн бөгөөд энэ онд 600 мянган тонн хүдэр боловсруулж, 35 мянган тонн баяжмал үйлдвэрлэж, улсын төсөвт 20 тэрбум төгрөгөөс дээш татвар төлөхөөр төлөвлөжээ. Гэхдээ тус уурхай эрчим хүчний хангамжийн дутагдлаас болж хүчин чадлынхаа 60 орчим хувиар л ажиллаж байгаа. Тиймээс УУХҮ-ийн сайд болон тус аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Х.Болорчулуун нарт эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Чойбалсан хотын ДЦС-ыг яаралтай өргөтгөх хэрэгтэй гэдгийг хэллээ. “Шинь Шинь” компани боловсруулсан баяжмалаа Дорнод аймгийн төв Чойбалсан хот хүртэл автомашинаар тээвэрлэж, Чойбалсан хотын Баянтүмэн өртөөгөөс ОХУ-ын Забайкальский, Манжуур хот гэсэн чиглэлээр төмөр замаар тээвэрлэж, өмнөд хөршийн зах зээлд нийлүүлдэг. Улааны уурхай 462 ажилтантай ба үүний 90 орчим нь БНХАУ-ын иргэд. Харин далд уурхайн малталт, тээвэр, цахилгааны хангамжийн гэсэн туслан гүйцэтгэгч гурван компанид 150 гаруй ажилтан ажилладаг гэдгийг тус компанийн монгол ажилчид хариуцсан ахлах менежер танилцуулав. Ажилчдын дундаж цалин 800-900 мянган төгрөг бөгөөд өнгөрсөн сард нийт ажилчдынхаа цалинг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн хэмээн компанийн удирдлага танилцуулсан юм.


Гэвч монгол ажилчдын цалингийн хэмжээ 480-530 мянга, хятад ажилчид 2-3 сая төгрөг авдаг гэдгийг баяжуулах үйлдвэрийн сүүлчийн дамжлага дээр ажилладаг монгол ажилчид бидэнд хэлсэн юм. Уг нь 2015 онд батлагдсан ТЭЗҮ-ээр ажилчдын дундаж цалин 1.2 сая төгрөг гэж заасан боловч уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа гэдэг шалтгаанаар ТЭЗҮ-д тусгагдсан цалинг өгч чадахгүй байгаагаа уурхайн удирдлага тайлбарласан. Хариуд нь сайд Д.Сумъяабазар “Компанийн зүгээс монгол ажилчдын цалингийн хэмжээг нэмж, дундаж цалингийн жишигт хүргэхийг онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. уул уурхай бол бүрэн хүчин чадлаараа ажиллаж буй эсэхээс үл хамааран ажилчид нь хүнд хөдөлмөр эрхэлдэг салбар. Тиймээс бүрэн хүчин чадлаараа ажиллаж байж цалинг нэмнэ гэдэг тайлбар байж болохгүй” гэв. Түүнчлэн тэрбээр далд уурхайн аюулгүй байдал, холбогдох хууль журмыг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулаад, яамны зүгээс ч уурхайг хэвийн ажиллах нөхцөлийг хангахад шаардлагатай бүхнийг хийж, дорнодын ДЦС-ын өргөтгөлийг яаравчлуулна гэдгээ илэрхийлсэн юм. Үүнээс гадна “Шинь Шинь” компанийн дэд захирал Чен Шяо Мин далд уурхай энэ жилээс зүүн тийш баганат дүүргэлтийн технолгиор шилжиж байгаа. Энэ нь газрын гадаргын байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй байх давуу талтай. Гэвч үүнд зориулсан журам, стандарт Монгол улсад байхгүй байгаа нь технологи батлуулахад хүндрэл үүсгэж байгаа тул цаг алдалгүй шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.


“Зүүн бүсэд жишиг болж буйгаа сурталчлах хэрэгтэй”


Өнгөрсөн онд цайрын үнэ дэлхийн зах зээл дээр 10 жилийн түүхэн дээд түвшинд хүрсэн нь манай улсын цайр олборлогч томоохон компани болох “Цайрт Минерал”-ын санхүүгийн үзүүлэлтэд эерэг нөлөөлсөн байна. Зүүн бүсэд жишиг уурхайг үлгэрлэж яваа “Цайрт Минерал”- ын 2017 онд улсын төсөвт төлдөг татварын хэмжээ бараг хоёр дахин нэмэгдэж, 69 тэрбум төгрөгт хүрчээ. “Цайрт Минерал” нь анх байгуулагдахдаа хятадын 51, Монголын 49 хувийн хөрөнгө оруулалттай байгуулагдсан бөгөөд анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн тул одоо 50:50 гэсэн бүтэцтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн тус компанийн захирал С.Батхүү танилцууллаа. Уулын үйлдвэрийн бүтэц нь ил уурхай, баяжуулах үйлдвэр гэсэн бүтэцтэй. Хоёр хөрсний овоолготой, хаягдлын далан, тэсрэх бодисын агуулах гэсэн бүтэцтэй. Мөн бүтээгдэхүүний хяналтын бүсэд итгэмжлэгдсэн лаборатори ажиллаж байна. Үйл ажиллагаа нь тогтвортой явж буй “Цайрт Минерал” улсын төсөвт төдийгүй орон нутагт ихээхэн дэмжлэг болдог компани. Гэрээний үндсэн дээр аймагтаа жил бүр 1.5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлдэг аж.


Энэ мөнгөөр аймгийн нэгдсэн эмнэлэгт сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг, цахилгаан шат, элэгний вирус тодорхойлох лаборатори, оёдлын болон сүү боловсруулах, сав баглаа боодлын, хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүнийг дэмжих хөрөнгө оруулалт хийсэн байна. Компанийн үндсэн ажилтны тоо 371, туслан гүйцэтгэгч компанийн 300 ажилтан уурхайн бүсэд ажилладаг бөгөөд 88 хувь нь монгол иргэд аж. Харин тэдний 96 хувь нь Сүхбаатар аймгийнх. Ажилчдаа орон сууцжуулах ажил эхлүүлж 100-аад хүнийг орон сууцаар хангаад байна. Цаашид бүх ажилчдаа орон сууцаар хангах зорилт тавьжээ. Гэхдээ тус компанид хоёр тулгамдсан асуудал байгаагийн нэг нь эрчим хүчний хангамж. Уг нь зүүн бүсийн эх үүсвэрээс эрчим хүч авдаг байсан ч ачааллаа даахаа больсон тул төвийн бүсэд холбогджээ. Гэсэн ч өдөрт тодорхой хэмжээний зогсолт хийх шаардлагатай байгаа аж. Ням гарагт биднийг очсон 17.00 цагийн үед хүдэр боловсруулах үйлдвэр нь зогсолт хийж таарсан юм. Тус уурхай эрчим хүчний хангамжаас шалтгаалан 2016 онд 89 удаа буюу 92 цаг, 2017 онд 144 цаг зогссон байна. 2018 оны сул зогсолтыг оруулж тооцвол үйлдвэрийн ажиллах боломжийнхоо 28.5 хувийг алдсан байна.


Ингэснээр компанийн борлуулалтын орлого 7.7 тэрбум төгрөгөөр тасалдаж, улсын төсөвт 1.5 сая төгрөг төлөх боломж алдагдсан байна. Нөгөөтэйгүүр, төмөртийн овоонд одоогоор 10 жил л ашиглах нөөц үлдсэн байна. Уг нь одоогийн уурхайгаас баруун тийш зургаан км-т Цогттолгойн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй боловч орон нутгийн хэсэг лам нарын турхиралтаар өдий болтол нарийвчилсан хайгуул хийж чадаагүй байгаагаа компанийн удирдлага хэлсэн юм. Уурхайн нөхцөл байдалтай танилцсаны дараа салбарын сайд “орон нутгийнхан шинжлэх ухаан, шашин хоёроо ялгахгүй байна. хайгуулаа хий. Нөөцийн тодотгол яаралтай хийх хэрэгтэй” хэмээв. Харин УУХҮ-ийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр “Бага нөөц дээр хаягдалгүй олборлох, үр ашигтай менежментийг хэрэгжүүлж, хамгийн үр ашигтай, бүтээмжтэй ажиллаж байна. Мөн орон нутагт дэмжлэг үзүүлж, мод их тарьж, ногоон байгууламж хийж байгаа нь ээлтэй уул уурхайн сайн жишээ болж байна” хэмээсэн юм.




САНАЛ БОЛГОХ