Бичил уурхайн найдвартай тулгуур

Уул уурхай

-Бичил уурхайг албажуулснаар эмэгтэйчүүдийн оролцоо тоо, чанараар ахисан-

“Хүмүүсийн хэлдгээр би олон жил нинжа явсан. Гэхдээ хэн ч гэсэн амьдралаа тэтгэж, амьжиргаагаа залгуулдаг орлогоо зөв арга замаар олъё гэж бодно шүү дээ. Өрхийн орлогоо газар шорооноос олж байгаа тул нө­ хөр бид хоёр хуулийн дагуу зөв явъя гэж шийдсэн” хэмээн “Алтайн бичил уурхайчдын эв нэгдлийн холбоо”-ны тэргүүн Ч.Мядагбадам бичил уурхайн ач холбогдлын талаарх яриагаа эхлүүллээ.

Тэрбээр одоогоос 14 жилийн өмнө ногоон түмпэн үүрсэн нинжа нарын нэг байжээ. Нэг хэсэг хувиараа ашигт малтмал олборлогч явсан хэдий ч хэрхэн хууль ёсоор ашигт малтмал олборлох боломж, бололцоог судалсаар Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийнхөнтэй уулзжээ. “Тэдэнтэй уулзаад бичил уурхай гэж юу байдаг талаар нүд минь ёстой л нээгдсэн” хэмээн шинэхэн танил маань ярилаа.

Монгол Улс уул уурхайгаар эдийн засгийн тулгуураа хийсээр эрийн цээнд хүрсэн. Гэвч энэ салбарын чихэнд улстөрчдөөс гадна хонх уясан хэсэг бүлэг бол нинжа нар. Тиймээс ч уул уурхайг ухсан нүхээр төсөөлдөг явдал одоо ч иргэдийн дунд түгээмэл. Нэгэнтээ уул уурхайн сайд асан Ц.Дашдорж салбараа “Хөндлөнгөөс харахад хад чу­ луунд хамаатай мэт боловч үнэндээ нийгмийн дэмжлэг, хө­ рөнгө оруулагчдын итгэл дээр тогтдог эмзэг харилцаа” хэмээн тодорхойлсон нь бий. Нэгэн цагт нинжа нарын армид зүтгэж байсан олон мянган иргэнээ олон нийт, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллага, төр засаг хамжиж байгаад уул уурхайн дэд салбар болох бичил уурхай болгосон нь өнөөгийн уул уурхайн салбар дахь ахиц дэвшлүүдийн нэг. Харин энэ амжилтыг өргөж явахад эмэгтэйчүүдийн хувь нэмэр жинтэй байр эзэлсэн байна.


Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоонд өнөөдөр 15 аймгийн 45 сумаас 6500 гаруй бичил уурхайчин 429 нөхөрлөл, 71 ТББ-ын зохион байгуулалтад орж, бүртгүүлээд байна. Нийт гишүүдийн 30.7 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг аж. Энэ нь улсын хэмжээнд уул уурхайн салбарт эзлэх эмэгтэйчүүдийн хувиас өндөр үзүүлэлт юм. Улсын хэмжээнд уул уурхайд ажиллаж буй 35 мянган хүний 25-27 хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа бий. Бичил уурхайг албажуулснаар эмэгтэйчүүдийн оролцоо тоо хийгээд чанарын хувьд нэмэгдсэн гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Эмэг­ тэйчүүд өмнө нь айж зугтаж, хүйтэн нойтонд ажиллаж, ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан бол одоо манлайлагчид болж хувирсан байна. Албажсан 71 ТББ-ын 42-ийг нь эмэгтэйчүүд тэргүүлж буй нь олон улсын дундажтай харьцуулахад хан­ галттай өндөр үзүүлэлт юм.

• Албажсан гишүүдийн 30.7 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Энэ нь улсын дүнтэй харьцуулахад өндөр үзүүлэлт.
• Тэд өөрсдийн хуримтлалаар өнгөрсөн онд л гэхэд 107.1 га талбайг нөхөн сэргээж, орон нутгийн төсвийн 50-70 хувийг бүрдүүлжээ.
• Улсын дунджаар уул уурхайн цалингийн зөрүү 18.8 хувь байдаг бол нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон бичил уурхайчдад орлогоо тэнцүү хуваарилдаг

Тухайлбал, Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг найман ТББ-ын зургааг нь эмэгтэйчүүд удирдаж буй юм. Эмэгтэйчүүд бичил уурхай удирдахын давуу тал юу вэ гэсэн асуултад Ч.Мядагбадам “Эрэгтэйчүүд мэдээж хүнд хүчир ажлыг нугалдаг гэдгийг хэн ч хүлээж зөвшөөрнө. Харин эмэгтэйчүүд нарийн ширийн зүйлийг олж харах чадвараараа аливаа тулгарсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж чаддаг давуу талтай. Бичиг цаас, гэрээ хэлэлцээрийн түвшинд уян хатан ажилладаг тул ядаж л орон нутгийн удирдлагатай хурдан ойлголцдог. Тэр хэрээр бичил уурхайн үйл ажиллагаа ч амжилттай явж байгаа” гэсэн юм. Амжилттай яваа гэдгийг нь илтгэх үзүүлэлт бол бичил уурхайчид өөрсдийн хуримтлалаар зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 107.1 га талбайг нөхөн сэргээж, тухайн орон нутгийн төсвийнхөө 50-70 хувийг бүрдүүлэхийн зэрэгцээ ХХОАТ төлж, Монголбанкны худалдан авч буй алтны нэлээд хувийг тушаасан.

Ч.Мядагбадамын хэлснээр орон нутгийн эмэгтэйчүүд ч манлайлагч байж чаддаг аж. Харин Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл болон холбогдох бусад байгууллагын хийсэн судалгаагаар бичил уурхай эмэгтэйчүүд орлогын хойноос махруу зүтгэх нь аргагүй аж. Бичил уурхайгаас олсон орлогоо юунд зарцуулж, ямар ашиг хүртэх болон ирээдүйд хийх сонирхолтой ажлынх нь талаар асуухад эмэгтэйчүүдийн дийлэнх нь жижиг бизнес эрхлэх, малтай болох, уурхайн тоног төхөөрөмжөө сайжруулах, хүүхдийн сургалтын төлбөр төлөх, хотод байр худалдаж авах эрмэлзэлтэй гэжээ. Харин эрэгтэйчүүд малтай болох, жижиг бизнес эрхлэх, өөр ажилд орох сонирхолтой гэж хариулсан байна. 

Бичил уурхайг албажуулснаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн уул уурхайгаас олдог орлогын зөрүү мөн багассан юм. Улсын дунджаар уул уурхайн цалингийн зөрүү 18.8 хувь байдаг бол нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон бичил уурхайчдад орлогоо тэнцүү хуваарилах зарчим үйлчилдэг.

Хэдийгээр бичил уурхай эрхлэгчдэд ажлын онцлогоос шалтгаалж хүйсийн ялгавартай байдал бий болдог ч техникийн хүчин чадал, технологи нь сайж­ рахын хэрээр энэ ялгаа улам багасах дүр зураг бууж байна. Үүнээс гадна уурхайн дараах хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нь сайжруулахын тулд салбарын хариуцлагыг дээшлүүлэх олон ажил хийх шаардлагатай байгаа юм.






САНАЛ БОЛГОХ