Уул уурхай зөвхөн эрчүүдийн салбар биш

Уул уурхай


Өсөлт, хүртээмжийг тэлэхэд хүйсийн зөв харьцааг тогтооно

Газар доор ажилладаг эсвэл шороо чулуу зөөдөг тул уул уурхай нь зөвхөн эрэгтэйчүүд давамгайлсан салбар гэх уламжлалт ойлголтоо өөрчлөх цаг ирснийг техник технологийн хөгжил, нийгэм шаардаж байна. Тиймээс ч ДНБ-ий дийлэнхийг бүрдүүлдэг уул уурхай, эрдэс баялгийн салбарын үр өгөөж, хүртээмжийг нь хүйсийн ялгаварлалгүй тэлэх бодлого 95 жилийн түүхтэй энэ салбарт боловсруулах хэрэгтэй болох нь. Өнөөдөр 81 улс орны эдийн засгийн өсөлтөд зонхилох үүрэг гүйцэтгэдэг эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэл дэлхийн ДНБ-ий дөрөвний нэгийг бүрдүүлж, 3.5 тэрбум хүнийг тэжээдэг.

Тиймээс ч эдийн засгийн сонирхол ихтэй энэ салбарт эмэгтэйчүүд хүчин зүтгэх нь нэмэгдэж байна. Хүн төрөлхтний түүхэнд эмэгтэйчүүд хад чулуутай ажиллаж, газрын тос олборлох салбарыг удирдахын тулд магадгүй олон зуун жил зарцуулсан байх. Харин Монголд энэ түүх хэдхэн арван жилээр л хэмжигдэж буй. Налайхын нүүрсний уурхайгаар эх сууриа тавьсан Монголын уул уурхайн техник, нарийн мэргэжлийн, удирдах түвшинд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа ямар байвал энэ салбарын эдийн засгийн үр өгөөж их, өсөлттэй, хүн бүрд хүртээмжтэй байх ёстойг боловсруулах шаардлагатай байна гэдгийг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал онцлов. Товчхондоо хүйсийн тэгш оролцоог хангах нь эрдэс баялгийн салбарын бодлогын нэг шинэ чиг баримжаа болж хувирлаа.

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ ЭМЭГТЭЙЧҮҮД ДАВАМГАЙЛДАГ

Дэлхийн олон орны судалгааг харахад олборлох салбарын 10 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэх тоо байдгийг өнгөрсөн баасан гарагт болсон “Эрдэс баялгийн салбар ба жендэр” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр албаны эх сурвалж онцолсон. Манай орон ч дэлхийн дундажтай ойролцоо аж. Харин Үндэсний статистикийн хорооны Хөдөлмөр эрхлэлт, Статистикийн нэгдсэн сангийн энэ оны мэдээллээс харахад энэ харьцаа 5:1 байна.

Гэхдээ газрын тосны салбарт бол эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс илт давуу байгааг албаныхан хэлж байна. Хамгийн сүүлийн үеийн байдлаар газрын тосны салбарт хүчин зүтгэж буй 4252 хүний 65.9 хувь, удирдах түвшний бараг 23 хувь эмэгтэй байна. Геологийн салбарын ажиллах хүчний 16.3, хүнд үйлдвэрийн 5.6 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж буй аж. Харин удирдах түвшинд дунджаар 16.6-25 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Тэгвэл уул уурхай өндөр хөгжсөн Австралид энэ тоо 16 хувь байдаг бөгөөд дээд удирдлагын хоёр, гүйцэтгэх удирдлагын 12.3 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг байна. Ер нь уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо Хойд Америк, Африкт их. Эрдэс баялгийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдэд цалин хөлсний ялгаварлал байдаг. Үүнийг арилгаж, тэгшитгэхийг хувийн хэвшлээс шаардах нь учир дутагдалтай.

Тиймээс төрийн өмчийн компаниудын боловсон хүчний бодлого, цалингийн системд хүйсийн тэгш байдлыг хангахад яам арга хэмжээ авах шаардлагатай байгааг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид анхааруулсан юм. “Уул уурхай дахь эмэгтэйчүүд” ТББ-ын судалгаагаар манай улсын уул уурхайн салбарт ажиллаж байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү 5:4 харьцаатай байгаа аж. Эрдэс баялгийн салбарт эмэгтэйчүүд давамгайлж байгаа нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж буй. Юуны өмнө, салбар бүрд эмэгтэйчүүдийн манлайлал нэмэгдэх хандлага дэлхий даяар өрнөж байна.

Мөн техник технологийн дэвшил ч эмэгтэйчүүдэд уул уурхайд илүү ажиллах нөхцөл бүрдүүлж буйг “Энержи Ресурс” ХХК-ийн төрийн байгууллагын харилцаа, зөвшөөрөл олгосон захирал З.Сугармаа илтгэлдээ дурдсан. Нөгөөтэйгүүр, дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эд нийлүүлэгч улсын хувьд энэ салбарын хөдөлмөрийн зах зээл тун мэдрэг гэдгийг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал Б.Чинзориг учирласан. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөнгүүт элсэгчдийн тоо хүйс харгалзахгүй нэмэгддэг байна. Тиймээс цаашид жендэрийн мэдрэмжтэй бодлого боловсруулахад зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлсийн нэг нь боловсон хүчний бэлтгэл юм.

Өнөөдөр Монгол Улс боловсрол, эрүүл мэнд, нийгэм хамгаалал гээд долоон салбарт баримтлах жендэрийн бодлогоо боловсруулсан. Харин уул уурхайн салбар найм дахь болж буй аж. Уул уурхайд хүйсийн тэгш байдлыг хангаж, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулах нь салбарын гүйцэтгэл болон нийгмийн хувьд өндөр үр өгөөжтэй байна гэдгийг МУИС-ийн ШУС-ийн профессор А.Солонго эрдэс баялгийн салбарын хөдөлмөр эрхлэлтийн асуудлаарх илтгэлдээ дүгнэжээ. Харин жендэрийн тэгш бус байдал, түүнээс үүдсэн үр дагавар их ажиглагддаг уул уурхайн дэд салбар болох бичил уурхайн жендэрийн нөхцөл байдлын талаар үргэлжлүүлэн хүргэх болно.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Хүйсийн тэгш байдлыг хангах нь цоо шинэ зүйл


УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалаас дараах зүйлсийг тодрууллаа.

-Уул уурхайн салбарт жендэрийн асуудлыг яагаад хөндөх болов?
-Жендэрийн асуудлыг олон улсын байгууллагууд хөнддөг байснаас бус төрийн байгууллагууд нэг их ярьдаггүй байж ээ. Тийм учраас бид санаачилгыг гартаа авч, эрдэс баялгийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах, бодлого боловсруулахад анхаарах тухай өнөөдөр хэлэлцэж байна. Уул уурхай бол ажлын онцлогоос хамаарч эрэгтэйчүүд давамгайлсан салбар. Өөрөөр хэлбэл, бидэнд хүйсийн тэгш байдал гэдэг шинэлэг зүйл.

-Монголд өнөөдөр энэ салбар дахь хүйсийн тэгш байдал ямар байна вэ?
-Манай уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь 10 хувь байна. Энэ нь дэлхийн дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт. Эрдэс баялгийн салбарт хүйсийн тэгш байдлыг хангах нь өнөөдөр нийгмийн захиалга болоод байна. Нийгэм хөгжихийн хэрээр жендэрийн асуудал гарч ирж байна. Тийм учраас хүйсийн тэгш эрхийг эрдэс баялгийн салбарт хэрэгжих боломж нөхцөлийг бодлогын түвшинд хангах хэрэгтэй.

Харин өнөөдөр олон улсын болон мэргэжлийн байгууллага, холбоод, жендэрийн зөвлөхүүд цуглаж үнэтэй санал зөвлөмж өглөө. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж яамны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаад явах юм.

САНАЛ БОЛГОХ