“ПетроЧайна Дачин Тамсаг” худалдан авалтаа ил болгох үүрэг хүлээлээ
Уул уурхай
Нийт 5.8 сая тонн түүхий тос олборлоод байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараар ахлуулсан холбогдох албаныхан зүүн бүсийн уурхайнуудын үйл ажиллагаатай танилцах, улмаар тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр энэ сарын 4-6-нд орон нутагт ажиллалаа. Энэ бүсэд холимог металл, нүүрсний уурхай болон газрын тосны компаниуд олборлолт явуулж байна. Хариуцлагатай уул уурхай, ил тод байдалд өмнөх сайдуудаас илүү анхаарч, ач холбогдол өгч буй Д.Сумъяабазар сайд газрын тосны хамгийн том олборлогч "ПетроЧайна Дачин Тамсаг" компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Дорнод аймгийн удирдлагын зүгээс “ПетроЧайна Дачин Тамсаг” компанийг орон нутгийн мэргэжлийн ажилчдыг ажилд авахгүй байна гэсэн гомдол чих халууцуулаад удаж буйг хэл. Сүүлийн хэдэн жил энэ асуудлыг орон нутгийн түвшинд хөндөж ирсэн ч тодорхой шийдэл гаралгүй явсаар өдий хүрсэн байна.
Тэгвэл энэ байдлыг даруй засаж, орон нутгаас олборлолтын операторчныг заавал авах үүрэг салбарын сайд компанийн удирдлагуудад өгч, холбогдох албаныхан үүнд хяналт тавьж ажиллах учиртайг санууллаа. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Газрын тосны олборлолт болон техникийн мэргэжлээр Дорнодын политехникийн коллежийг төгссөн 200-300 боловсон хүчин бий. Тэднийг ажилд авахгүй атлаа 300 хүн сургамаар байна гэсэн хүсэлт ирүүлсэн. Юуны түрүүнд Дорнодын залуус ажилтай болох ёстой” гэж салбарын яам болон компанийн төлөөллийн уулзалтын үеэр хэлж байсан юм. Монголын нийт газар нутгийн гуравны нэг нь газрын тосны нөөцтэй гэж үздэг. Үүний багахан хэсэг нь Тамсагийн сав газар боловч Монгол Улсад газрын тос анх удаа өөрийн даралтаар оргилсон түүхэн орд газар. Уг түүхэн үйл явдлын 20 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Д.Сумъяабазар сайд Тамсагийн XIX талбайн 300 гаруй монгол ажилчидтай уулзаж санал бодлыг нь сонссон юм. Уулзалтын үеэр ажилчид эрчим хүчний хангамж, орон нутгийн иргэдийн ажилд авах асуудлыг хөндөж байлаа.
Харин "ПетроЧайна Дачин Тамсаг" компанийн төлөөлөл "Бид орон нутгийн иргэдээ ажлын байранд нэн түрүүнд авна. Гэхдээ манай ажилчид цалин, ажиллах нөхцөлдөө сэтгэл хангалуун байдаг тул боловсон хүчний гарч, орох урсгал тогтвортой байдаг. Олборлолтын үйл ажиллагаа тогтворжиж байгаа тул шинээр ажилтан авах үйл явц багасна гэдгийг орон нутгийн удирдлага ойлгоно уу" хэмээв. Харин салбарын сайд Монгол Улсад газрын тосны үйл ажиллагаа өргөжих хандлагатай. Тийм учраас сэтгэлтэй, мэдлэг боловсролтой боловсон хүчин юу юунаас илүү чухал гэдгийг онцоллоо. Тамсагийн XIX талбай ус ашигласны төлбөрт 2016 онд 1.46 тэрбум, 2017 онд 1.74 тэрбум төгрөг улсад төвлөрүүлсэн байна Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд 9.8 сая ам.долларын эрчим хүч худалдаж авчээ. “ПетроЧайна Дачин Тамсаг” нь Тамсагийн ордыг 2005 онд “Соко Тамсаг”, “Соко Монгол” компаниудаас эрхийг нь шилжүүлэн авсан. Энэ утгаараа Монгол Улсын туршлагатай хөрөнгө оруулагч. Үйл ажиллагаа явуулаад олон жил болсон ч өнөөг хүртэл нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалт байхгүй байгааг салбарынхан шүүмжилж байгаа юм. Орон нутгийнхан ч компанийн нийгмийн хариуцлагагүй байдлыг ихээр шүүмжилж байв.
Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд олборлогч компани орон нутагтай харилцан ойлголцож, цаашид нэгнээ дэмжиж ажиллах нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд түлхэц болох юм. “ПетроЧайна Дачин Тамсаг” үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийтдээ хоёр сая гаруй ам.долларын хандив тусламж орон нутгийн эмнэлэг, сургууль, малчдад үзүүлсэн байна. Матад сум, хилийн отряд, Баянхошуу боомтод ард иргэдийн ундны усны нөхцөлийг сайжруулахад 323 мянган ам.доллар зарцуулжээ. Үүнээс гадна байгаль орчны нөхөн сэргээлт, хамгааллын ажилд 156 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс өрмийн шингэн хаягдлын сан, уг хаягдлыг саармагжуулах 1198 байгууламж барьж, зам дагуух 600 км-т байгаль хамгаалах ажил хийжээ. Гэхдээ энэ бүхэн олборлолт, экспортод гаргасан газрын тосны дэргэд өчүүхэн бага үзүүлэлт юм. Тамсагийг сав газраас тус компани түүхий газрын тос олборлох хугацаа нь 20 жил.
Үүнээс одоо 14 жил үлдээд буй. Нийт 306 сая геологийн баталгаат нөөц батлуулснаас 113 сая тонн буюу 34 хувийг ашиглажээ. Олборлох хүчин чадлын хэмжээ жилд нэг сая тонн давсан бөгөөд 2005-2017 онд нийтдээ 5.8 сая гаруй тонн түүхий тос олборлоод байна. Харин үүнээс улсын төсөвт 2.9 тэрбум ам.долларын түүхий тос экспортолсон бөгөөд бүтээгдэхүүн хуваалтын орлогоос улсын төсөвт 654 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулжээ. Харин үйл ажиллагаа эхэлснээс хойш нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2017 оны эцсийн байдлаар 3.16 тэрбум ам.доллар бөгөөд үүнээс хайгуулд 616 сая ам.доллар зарцуулсан байна. “ПетроЧайна Дачин Тамсаг” компани нь Чойбалсан хотоос зүүн тийш 220 км-т орших Тосон-Уулын XXI талбайд 179 сая, Тамсагийн XIX талбайд 127.5 сая тоннын газрын тосны батлагдсан нөөцтэй аж. Гэхдээ үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 41 сая тонн түүхий тос.
Үүнийг автозамаар тээвэрлэж, Бичигт, Баянхошууны боомтоор өмнөд хөршид гаргаж байна. Тус компанийн ерөнхийлөгч Жианг Вэй Донг газрын тосоо хоолойгоор тээвэрлэх шаардлагатай байгааг салбарын сайдтай уулзах энэ үеэр дуулгасан юм. Автозамаар тээвэрлэх нь өртөг өндөртэй төдийгүй цаг агаарын нөхцөл, баяр ёслолын улмаас хойшлогддог нь төлөвлөгөөндөө хүрэхэд ихээхэн саад болдог гэдгийг “ПетроЧайна Дачин Тамсаг” компанийн ерөнхийлөгч Донг хэлж байлаа. Газар доор 2-2.5 мянган метрийн гүнээс түүхий тосыг юүлж гаргадаг цэнхэр өнгөтэй, төмөр “морин толгой”-нууд зах хязгаар нь үл харагдах уудам талд салхи ширүүсч, нүүр нүдгүй элс шуурч байсан ч ажралгүй дохьдог. Эндээс юүлэгдсэн газрын тосыг ТА хэсэг рүү зөөж, уснаас нь салгаж, шинжилж, савлаж, лацдаад ачдаг байна. Гэвч орон нутагт газрын тосны салбар дагаж худалдаа, үйлчилгээ, ханган нийлүүлэлт Өмнөговь аймгийн түвшинд хөгжиж, бэхжиж чадаагүй байна. Үүнийг нэг шалтгаан нь тус компанийн худалдан авалт ил тод байдаггүйтэй холбоотой. Тиймээс салбарын яамны зүгээс худалдан авалтаа ил тод болгохыг үүрэг болгосон юм.
Байр суурь
Замын ажлаа энэ онд дуусгах хэрэгтэй Д.Сумъяабазар /Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд/
-“ПетроЧайна Дачин Тамсаг” бол БНХАУ-д төдийгүй дэлхийд танигдсан том компани. Хэдий тийм боловч анхаарах, цаашид өөрсдийн үйл ажиллагаанд үүсээд байгаа нөхцөл байдыг засахад хийх ажил цөөнгүй харагдаж байна. Тухайлбал, худалдан авалтаа нээлттэй болгох нь чухал. Мөн байгаль орчны нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж, замын бүтээн байгуулалтаа энэ онд дуусгах хэрэгтэй байна. Орон нутагтай харилцан ашигтай түншлэлийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахих ёстой.
Ажлын байранд орон нутгаас хүн авна
Жиан Вей Донг /“ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-ийн ерөнхийлөгч/
-Газрын тосны ордыг ашиглах нь хэд хэдэн үе шаттай. Бид байгаль орчны нөхөн сэргээлтэд дөрвөн сая ам.доллар зарцуулсан бөгөөд нөхөн сэргээлт олон улсын стандартын дагуу явж байгаа. Өнгөрсөн долоо хоногт манай компани энэ онд хийх техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, төсвөө баталсан. Шинэ ажлын байранд орон нутгаас хүн авна гэдгээ амлая. Хэдийгээр манай ажилчид амьдарч байгаа сууцандаа бага зэрэг сэтгэл хангалуун бус байдаг ч хүнс, цалин хөлс, ажлын орчны хувьд Монгол Улсын холбогдох стандартаас илүү түвшинд хангагддаг. Худалдан авалтаа ч гэсэн хуулийн дагуу явуулна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй