Үдийн хоол сурлагын чанарт дэм болдог

Сурвалжилга


Үдийн хоол өгдөг болсноос хойш хүүхдүүд хичээлээ таслахаа больсон


Гэр хороололд амьдардаг нэгэн хүүхэд хичээл дээрээ сууж байгаад ухаан алдаад уначихжээ. Сургуулийн удирдлагууд ямар шалтгаанаар ийн ухаан алдсаныг судлахад гурав хоног хоол идээгүй учир ийм байдалд хүрсныг тогтоосон аж. Энэ бол Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуульд 10 гаруй жилийн өмнө тохиолдсон бодит явдал билээ. Гэр хорооллын ядуу өрхийн хүүхдүүд хичээлдээ өлөн зэлмүүн, уранхай ноорхой хувцастай, үүрэх цүнхгүй, дэвтэр номоо уутлаад явдаг цаг саяхных. Гэдэс нь өлсгөлөн хүүхэд хоолны тухай л бодохоос багшийн зааж буй хичээлд анхаардаггүй байв.

Тиймээс энэ байдлаасаа ичиж, хичээлдээ дур сонирхолгүй болж, гадуур тэнэж, гуйлга гуйх хэмжээнд хүртэл хүрч байсныг багш нар өгүүлж байна. Ийм сэтгэлзүйтэй хүүхдэд хичээл зааж, боловсрол олгоно гэдэг тухайн үеийн багш нарын хувьд тулгамдсан асуудлын нэг байжээ. Тиймээс энэ мэт олон хүчин зүйлийн улмаас төрөөс “Үдийн цай” хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн бага ангид 2008 оноос хэрэгжүүлж, өнөөдөр “Үдийн хоол” болтлоо өргөжүүлээд байна.

“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг судлахаар захын хорооллын буюу Чингэлтэй дүүргийн 72 болон 140 дүгээр сургуулийг зорилоо. Биднийг Чингэлтэй хайрханы аманд байрлах 140 дүгээр сургууль дээр очиход 11.00 цаг болж байв. Хичээл 08.30 цагт эхэлсэн тул бага үдэд хүүхдүүд аяга, халбагаа гаргаж, хоолоо идэхээр бэлтгэл хангажээ. Хормогч зүүж, малгай өмссөн ангийн багш хоол таваглахынхаа өмнө хүүхдүүдийн гарыг санитолоор ариутгав. Энэ өдрийн цэсэнд будаатай шөл, аарц байлаа. Хүүхдүүдээс хоол ямар амттай байгааг асуухад бүгд нэгэн дуугаар “Амттай байна” гэж хариулав. Хүүхдийн эрүүл мэндийг бодож сургуулийн тогооч, эмч нар голдуу хөц, гурвалжин будаатай хоолыг цэсэндээ оруулж өгчээ. Тус сургуулийн IV ангийн сурагч Б.Дөлгөөн “Хөц, гурвалжин будаа хүний биед сайн гэж багш хэлсэн. Сургуулиас өгдөг бүх хоолыг иддэг. Идэж чадахгүй хоол байхгүй” гэсэн бол Г.Болд “Гэртээ янз бүрийн хоол идээд сурчихсан болохоор сургуулийнхаа бүх хоолыг иддэг. Заримдаа давс нь сул байдаг болохоор амтгүй санагддаг” гэлээ.

Үдийн хоолондоо сэтгэл хангалуун байгаа хүүхдүүдийн яриаг сонсоод сургуулийн цайны газарт орж үзлээ. Цайны газрын цэвэр цэмцгэр орчныг сайшаахаас гадна будаатай шөл, аарц нь тун амттай байсныг онцлох нь зүйтэй. Захын хороолол гээд үдийн хоол нь тааруухан байх болов уу гэж таамгалсан маань бодит байдлаас зөрж орхив. “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд долоо хоногийн дөрвөн өдөр нь махтай, нэг өдөр нь цагаан хоол өгдөг.

Гэдэс цатгалан хүүхэд хичээл номдоо сайн анхаардаг
Ингэхдээ аль болох хүүхдэд шим тэжээлтэй хоол, хүнс өгөхийг зорьдог. Өдөрт нэг хүүхдэд 600 төгрөгийн хоол өгөх ёстой. Бид долоо хоног бүр хоолны цэсээ шинэчилж, сургуулийн эмч, захирлаар амталгаа хийлгэн, эцэг эхчүүдээс санал авдаг. Цэсэнд бууз, мантуун бууз, тефтель, будаатай шөл, ногооны зутан, нухаш, бантан зэрэг олон нэр, төрлийн хоолноос гадна үргэлж халуун цай, чацаргана, аарц, аньс, нэрсний шүүс дагалддаг. Хоолондоо давснаас өөр амтлагч хийдэггүй бөгөөд үхрийн мах манай гол бүтээгдэхүүн. Яс чанасан шөлөндөө ихэнх хоолоо хийдэг учир тун амттай болдог. Хүүхдүүд 250 граммын аягаар дүүрэн идэхэд ч хоол хангалттай хүрдэг хэмээн тус сургуулийн тогооч хэлсэн юм. Хүүхдүүд, ялангуяа хоол хүнснээс тэжээл авдаг насан дээрээ буй бага насныхан маань нэг өдрийн талыг нь сургууль дээрээ өнгөрөөдөг. Тиймээс сургууль дээрээ халуун хоол иддэг болсон нь олон давуу талтай гэдгийг эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид хэлж, сайшааж байна. Тэд өдөрт авах ёстой шим тэжээлээ бага боловч нөхөж чадаж байна. Дараа нь бид Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийг зорилоо. Тус сургуульд бага ангийн 900 орчим хүүхэд суралцдаг аж. Биднийг очиход хүүхдүүд хэдийнэ хоолоо идчихсэн, хичээл тарах дөхсөн байв. Тиймээс тус сургуулийн захирал Ц.Өлзийжаргалаас сурагчдад өгдөг хоолны чанарын талаар тодруулсан юм.

Тэрбээр “Мэдээж, төвийн болон захын хорооллын хүүхдүүдийн амьдрал ялгаатай. Тийм байлаа гээд сургууль дээр өгдөг хоол ялгаатай байх ёстой гэсэн үг биш. Үдийн цай хөтөлбөр халуун хоол болсноор маш олон давуу талыг харуулж байна. Хамгийн наад зах нь, гэдэс цатгалан хүүхэд хичээл номдоо анхаарч, хичээлээ таслахаа больсон. Тэр бүү хэл бэлэн боов, тараг өгдөг байхад зарим хүүхэд цүнхэндээ хийж байгаа харагддаг. Яагаад өөрөө идэхгүй байгааг асуухад “Дүүдээ, эгчдээ өгье” гэж хэлдэг байлаа” гэв. Хэн нэгэн дарга даамлыг дагаж, “Үдийн хоол” хөтөлбөртэй бид танилцсангүй. Захын нэг сургуулиар ороход л хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс 600 төгрөгийг бага байна гэж гололгүй, ямар сайхан амттай хоол болгож байгааг нүдээр үзлээ.

Тэрчлэн захын, гэр хорооллын сургууль гээд хоол нь муу байх болов уу гэсэн муйхар сэтгэлгээнээсээ ч салах цаг болсныг үүнээс харж болно. Мэдээж, сайны хажуугаар саар гэгчээр тааруухан хоолтой сургуулиуд байгаа л байх. Гэхдээ л “Үдийн хоол” хөтөлбөр амьдралд, хүүхдийн эрүүл мэндэд, суралцах үйлсэд ямар том өөрчлөлт авчирсныг харлаа. Жижиг мэт боловч анхаарах ёстой үйл хэрэг. Дандаа л болохгүй, бүтэхгүй байна гэж гонгинож, нийгмийн хар бараан бүхнийг шүүрэн ярихын оронд хонгилын үзүүрт гялалзаж байгаа гэрлийн тухай хааяа ч гэсэн ярих хэрэгтэй байх. Эхлэл бол бүх ажил, амжилтын 50 хувь гэдэг. Тиймээс эхлэл нь тавигдсан энэ хөтөлбөрийг цаашид улам хөгжүүлж, гаднын томоохон сургуулиудын түвшинд хүргэх цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.




САНАЛ БОЛГОХ