Өргөн хэрэглээний шатахууны үнэ нэмэгдээгүй

Мэдээ


Шатахуун импортлогчдын төлөөлөл шатахууны үнэ үндэслэл нэмэх зайлшгүй гурван байгааг онцоллоо. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд шатахууны онцгой албан татварыг нэмсэн, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж, дотоодод валютын ханш өссөн нь шатахууны үнийг нэмэх үндсэн шалтгаан болсон гэдгийг хэллээ. НИК ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат “Өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш манай компани болон экспортлогчийн шатахууны нэгж үнэд өөрчлөлт ороогүй. Харин есдүгээр сараас гадаад зах зээлийн нөлөөгөөр литр тутамдаа 100 гаруй төгрөгийн алдагдал хүлээж эхэлсэн. Тухайн үед энэ талаар салбарын яаманд мэдэгдэж байсан ч арга хэмжээ аваагүй. Үүнээс үүдэн импортлогчид өнөөдөр литр тутамдаа 250-300 төгрөгийн алдагдал хүлээж байна. Хоёрдугаар сараас мөн шатахууны үнэ тонн тутамдаа 40-50 ам.доллараар нэмэгдэж магадгүй байна” хэмээв. Гэхдээ А80, АИ92, дизель түлшний нэгж үнэд өөрчлөлт оруулаагүй.

Харин АИ 95, 98 шатахууны үнийг литр тутамд нь 110-150 төгрөгөөр нэмсэн гэдгээ тэд мэдэгдлээ. Харин УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав “Шатахууны онцгой албан татварыг нэмээгүй. Харин 2016 онд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд бууруулаад байсан онцгой албан татварыг сэргээсэн төдий” хэмээх тайлбар өгсөн юм. Түүний хэлж буйгаар 2016 оны долдугаар сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдахад авто бензин тонн тутамдаа 400 мянга, дизелийн түлш 520 мянган төгрөгийн онцгой албан татвар төлдөг байжээ. Үүнийг Засгийн газар үе шаттай бууруулж, А80 нь 30, АИ92 нь 50, дизелийн түлш нь 70 мянган төгрөгийг онцгой албан татварт төлдөг байсан аж. Мөн тэрбээр “Энэ хугацаанд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унасан байсан тул импортлогчид татан авч, нөөц бүрдүүлэх боломж байсан. Шатахууны үнийн зөвлөл хуралдаж, ямар арга хэмжээ авахаа зөвлөлдөнө” гэсэн юм. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны нэгжийн үнээ нэмсэн компаниудад эрүүгийн хэрэг үүсгэхээр болсноо даваа гарагт мэдэгдлээ.


САНАЛ БОЛГОХ