Хохирогчоо намнадаг хүчирхийлэгчид нь бид
Мэдээ
Монголд 10 хүчирхийлэгчийн нэгийг нь л мэдээлдэг
Өвлийн хүйтэн жавраас илүү хүний мөсөд хайруулж, жинддэг цаг иржээ. Хүний олон хүнээ барьж “идсэн” олон түүхийг сонсоод цөвүүн цагийн гэрч болж буйдаа харамсав. Нэгэн сумын хэсгийн байцаагчаар ирээд удаагүй шинэхэн цагдаа ангийнхаа охиныг хүчирхийлсэн залуугийн аавыг дууджээ. Хүүг нь муу хэрэгт холбогдсоныг халган байж хэлэхэд аав нь “Энэ чинь хонины бэлчээрт байнга л болдог хэрэг. Ямар сүртэй юм бэ” гэж үл тоомсорлосон байдаг. Хүчирхийлэл нийгмийн аль ч цаг үед байсан нь үнэн. Гэхдээ байх ёстой, хэн нэгэн үүний золиос болох нь энгийн үзэгдэл гэсэн үг биш. Харин ч хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэмд бидний хувьд хамгийн том дайсан бол хүчирхийлэл. Гэтэл ардчилалд хөл тавьсан 20 гаруй жилд эмэгтэйчүүдийг бусдын хүчинд автахыг байдаг л зүйл мэт хардаг бидний гажиг сэтгэлгээ улам л хорон болсоор байна.
Огт танихгүй атлаа сошиал сувгаар дайрч давшилна, харин таньдаг нэгэн нь хохирогчийн талд орвол өөрөө буруутан болчих юм шиг санаж зайгаа авна. Хуулийнхан хүртэл хэргийг мэдээлэхдээ хохирогчийн талаар тэр сумын, тийм мэргэжилтэй, тэдэн настай гээд овог, нэрээс бусад бараг бүх хувийн мэдээлэлд нь эрээ цээргүй халддаг бол хэвлэлийнхэн үүнийг аманд орсон шар тос мэт шүүрэн авч, улам дэвэргэдэг. Гэтэл хөдөө орон нутагт хүн ам цөөн, нэгийгээ үе удмаар нь мэддэг тул хохирогч хэн бэ гэдгийг таахад тун амархан. Хамгийн харамсалтай нь тухайн хүнийг гэмт хэрэгт өртсөн гэдгийг мэдмэгцээ өөрийн муугаас, арчаагүйгээс, санамсар болгоомжгүйгээсээ болж эмгэнэлтэй явдлын золиос боллоо гэцгээдэг. Мөнгөө хулгайд алдсан хүнийг “Чи яагаад оройн цагаар ганцаараа явсан юм бэ” гэж хэн ч буруутгадаггүй. Тэгсэн атлаа хүчирхийлэлд өртсөн хөөрхий нэгнийг “Задгай хувцасласан, эрчүүдтэй нэр холбогддог, шөнө дөлөөр ганцаараа явсан” гэх зэргээр чичилж эхэлнэ.
Харин дараа дараагийнх нь үүнээс ч дор үгээр давшилж гарна. Байцаагч нь хүртэл “Чи өөрөөсөө л болсон юм биш үү” гээд сэтгэл зүйн дайралт хийгээд сууж байдгийг цөөнгүй хохирогчоос сонсож байлаа. Энэ мэт нийгмийн давхар дарамтаас айсан хохирогчид нүдний булай, түмний шившиг болж байхаас чимээгүй явсан нь дээр гээд зарим хэргийг хав дардаг гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Ийнхүү өөрийнх нь нууц байх ёстой мэдээлэл ил болсноос хохирогч амиа хорлохоос өөр сонголт үлддэггүй аж. Монголд хүчирхийллийн 10 хохирогчийн ес нь бусдад хэлдэггүй, мэдээлдэггүй гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, 10 хохирогчийн ес нь нийгмийн давхар дарамтаас дасан зохицож амьдарсаар байна. Зориг гарган хуулийн байгууллагад хандсан зарим нь бусдын дарамт, гадуурхлаас айсандаа гомдлоо буцаадаг бол, зарим нь худал мэдүүлдэг аж. Гэтэл үүний цаана ахин гэмт хэрэг үйлдэхээс буцахгүй болсон хэрэгтэн даварч, амтшиж байдаг нь ойлгомжтой.
Манай улсад өнгөрсөн хоёр жилд 13 хүртэлх насны 213 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болсон байна. 2016 онд 91 хүүхэд, өнгөрсөн онд 122 хүүхэд холбогдсон гэдэг нь анзаарахгүй орхиж боломгүй тоо. Дээрх тохиолдлуудын 26.3 хувь нь давтан үйлдэгдсэн бөгөөд үүний 30.4 хувь нь 3-7 жилийн турш давтагдсан гэх статистик байна. Энэ бүхэн нөгөө л бидний хохирогчийг буруутгадаг муйхар үзлээс улбаатай гай. Хэрэв бид хохирсон хүнийг өмгөөлдөг, цэвдэг сэтгэлээр гадуурхдаггүй байсан бол тэд зовлонгоо бяцхан нуруундаа үүрч олон жилийг үдэхгүй байсан.
Хүчирхийлэлд өртсөн түүхээ ярьсан Г.Номуундарь охиныг, түүний гэр бүлийнхнийг энэ нийгэм шүүхийн тогтоолгүйгээр хэрхэн яллаж буйг бид нүдээрээ харж байна. Худалч, сэтгэцийн өвчтэй, баян айлын эрх охин гээд түүнийг гишгэх газаргүй болтол муулж, чичилсэн яриа сэтгэгдэл хаа сайгүй хөвөрнө. Үүнийг овжиноор ашигласан хэдэн залуу хэргээс мултрахаар танил талаараа хөөцөлдөж, эцэст нь шүүх, цагдаад ч нөлөөлөхөөр улайрч буй нь мэдээж. Уг хэрэг яаж ч шийдэгдсэн байсан хэдэн жилийн дараа олон нийт хэрэгтний талаар мартаж, харин хохирогчийн талаарх бараан дурсамж үлдсэн байх нь гарцаагүй. Энэ бол хуучин сэтгэлгээндээ баглагдсан монголчуудын муухай араншин. Гаднын орнуудад ийм байдалд орсон хүнийг харанхуй дурсамжийг нь сэдрээхгүйн тулд бүхий л талаар дэмжиж, хамгаалдаг. Бэр, хань ижлээ болгож байгаа хүмүүс хүртэл бараан дурсамжийг нь мартуулж амьдрах ёстой гэсэн итгэл үнэмшлээр хохирогчийг хүлээж авдаг. Сэтгэл санааг нь дээрдүүлэх, амьдралд итгэх итгэлийг нь сэргээхийн тулд мэргэжлийн сэтгэл зүйчид тусалж, мэдээллийг нь чандлан нууцалдаг.
Харин манайд эсрэгээрээ. Хохирогчдод нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэггүй хэрнээ дээрээс нь нэмж нийгмээрээ дарамталдаг жишиг бүр ужгирлаа. Бид хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм гэж ярих дуртай ч хувиа бодсон, бусдын мууд дуртай, хүйтэн сэтгэлтнүүд болж байна. Ардчилсан нийгмийн хэмжээ, хязгаарыг үл ойшоож, анархизмдаа живж байх шиг. Бие сэтгэлээр хохирсон хүнийг халуун дулаан сэтгэл л эдгээдэг. Харин манай нийгэмд ийм сэтгэхүй алга. Хэн ч гэмт хэргийн золиос болж болзошгүй. Бусдыг харгисаар буруутгаж, дайрч давшилдаг хүмүүс нэг цагт тань руу, таны ойр дотныхон руу хорон үгээ чиглүүлж ч мэдэх. Тиймээс насандаа мартамгүй бие, сэтгэлийн шархтай хохирогчийг бүү “намна”, сохроор бүү ялла.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй