Нийгэм, гэр бүлийн бүх зөрчлийн золиос нь хүүхэд болж байна
Мэдээ
Хүүхдүүд хүчирхийлэлд өртөж буй гол шалтгаан нь хайхрамжгүй байдал
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд өдөрт 1000 орчим дуудлага ирдэг. Тус төвийг зорин очиход иргэдээс автобусанд хараа хяналтгүй хүүхэд явж буй талаар дуудлага ирсэн байв. Нийгмийн ажилтнууд хүүхдийг автобусны буудал дээр тосож аваад түр хамгаалах байранд авчрахаар болсон юм. Төвийн үйл ажиллагаа, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн захирал С.Отгонсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр хүүхэд хүчирхийлэлд өртөж буй нь эцэг, эхчүүдийн хараа хяналт сул байгаатай холбоотойг онцолсон юм. 108 төвийн ажилтнууд хуулийн хязгаарлагдмал хүрээнд мэдээлэл өгөх эрхтэй байдаг юм байна.
-Танай төвд өдөрт маш олон дуудлага ирдэг юм байна. Эдгээр дуудлагыг хэрхэн хүлээн авч, ажилладаг вэ?
-Олон улсад манайх шиг хүүхдийн тусламжийн 182 төв ажилладаг. 108 утасны төвийг 2014 онд Дэлхийн зөн байгууллага, “Мобиком” корпорацийн санхүүжилтээр байгуулсан. Бид 24 цагийн турш тасралтгүй дуудлага хүлээн авч, үнэгүй үйлчилгээ үзүүлдэг. Олон улсын жишгээр мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд дөрвөн ээлжээр ажилладаг. Нэг ээлжид нэг сэтгэлзүйч, гурван нийгмийн ажилтан, ээлжийн нэг ахлагчтай. Өнгөрсөн онд
108 утас дэргэдээ яаралтай туламжийн үйлчилгээ үзүүлдэг албатай болсон. Хүүхдийн эрх зөрчигдсөн, яаралтай хамгаалалтад авах шаардлагатай буюу хяналтын дуудлага ирсэн тохиолдолд хүүхдийг энд авчирч байрлуулдаг. Гэхдээ манайх хүүхдийн асуудлыг шийддэг газар биш. Харин хүүхдийн асуудлыг сонсож, мэдээд зохих байгууллагад нь дамжуулдаг гэсэн үг л дээ. Түргэн тусламжийн 103, цагдаагийн 102 дугаартай ижил. Манай төвд 2014 оноос хойш 650 мянга гаруй дуудлага ирсэн байна. -Ихэвчлэн ямар дуудлага ирдэг юм бэ? -Гэр бүлийн болон сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаарх дуудлага ихэнх хувийг эзэлдэг. Манай төвд 11- 14 насны өсвөр насныхан илүү ханддаг. Сургуулийн орчинд үе тэнгийнхний дарамтад орсон болон багштайгаа зөрчилтэй хүүхдүүдийн дуудлага адилхан хэмжээтэй байна. Харин ахлах ангийнхан найз нөхдийнхөө хүрээнд эсвэл бие даагаад асуудлаа өөрсдөө шийддэг байх талтай учраас дуудлага нь харьцангуй бага. Ер нь 108 төв рүү хандаж байгаа дуудлагын 80 орчим хувь нь хүүхдүүдийнх. Бид дуудлагыг зорилтот болон зорилтот бус гэж ангилдаг. Утсаар залгаад өөрт тулгарсан асуудлаа ярьж байгаа бол зорилтот гэж үздэг. Ийм дуудлага тал хувийг нь эзэлдэг. Харин утсаар залгачихаад чимээгүй байсан, тасалсныг нь зорилтот бус дуудлага гэж нэрлэдэг. Бид ийм дуудлагын хойноос хяналт тавьж ажиллахгүйгээр орхидог. Гэтэл үүний цаана ямар нэгэн асуудал, бэрхшээлтэй нүүр тулсан хүүхэд байдаг. Хүүхэд ямар нэг асуудлаа шийдэж чадахгүй болоод л 108 руу залгаж үзье гэсэн бодол төрсөн байгаа. Энэ дугаар руу залгавал ямар хүн авах бол, надад яаж хандах бол, асуудлаа ярьж болох болов уу гэж тандсан маягаар залгаж байгаа нь тэр л дээ.
-108-д асуудлаа ярьж байгаа хүүхэд олон байгаа бол үүнийгээ ил гаргаж чаддаггүй, эрсдэл дунд амьдарч буй нь үүнээс ч дутахгүй олон гэж ойлгож болох нь ээ?
-Тэгэж ойлгож болно. Ер нь сүүлийн нэг жилд манай төвд хандсан дуудлагын тоо эрс өссөн.
-Дуудлага ихсэж байгаа нь ямар шалтгаантай вэ?
-Үүнийг олон талаас нь тайлбарлаж болно. Нэгд, иргэд мэдээлэл сайтай болсон байна. Дуудлагын 30 орчим хувийг иргэдийн дуудлага эзэлдэг болсон. Хөрш нь эсвэл ойр хавьд нь явж байсан иргэд хүүхэд уйлж байна, төөрсөн хүүхэд оллоо гэх зэргээр мэдээлэл их өгдөг болсон. Иргэдийн сэтгэлгээ эерэгээр өөрчлөгдөж байна. Хоёрт, хүүхдүүдэд нийгмийн маш их хэрэгцээ гарсан. Эцэг, эхчүүд завгүй ажиллаж эсвэл үр хүүхдээ орхиод гадагшаа явах нь нэмэгдсэн. Үүнээс болж бие дааж амьдарч буй хүүхдийн тоо нэмэгдсэн судалгаа гарсан байна билээ. Эдгээр хүүхэд сэтгэл зовоосон асуудал, бэрхшээлээ ярих хүнгүй учраас 108 утсанд хандаж байна шүү дээ. Эцэг, эх нь дэргэд нь байлаа ч хүүхэдтэйгээ аминчлан ярьж, анхааран сонсдог хүн ер нь ховор болсон.
108 утасны төвд өдөрт 1000 орчим дуудлага ирдэг
-Эцэг, эхчүүд анхаарал тавихгүй байгаа нь хүүхдүүд хүчирхийлэлд өртөж буйн нэг том шалтгаан гэж болохоор байна?
-Тийм ээ. Манай төвд өдөрт хяналтын буюу зайлшгүй хамгаалалтад авах хүүхдийн 20-25 дуудлага ирдэг. Өөрөөр хэлбэл, түр хамгаалах байранд ийм тооны хүүхэд ирдэг гэсэн үг. Энэ хүүхдүүдийн 90 хувь нь архины хамааралтай эцэг, эхтэй байдаг. Ер нь архины асуудлыг ярихгүйгээр хүүхэд хамгаална гэдэг үнэхээр хэцүү. Түр хамгаалах байранд авчраад эрсдэлийн нөхцөл байдлын судалгаа хийхэд аав нь ээжийг нь архи уугаад зоддог эсвэл хоёулаа архи уугаад хэд хоногоор хүүхдээ орхидог явдал маш их гардаг. Олон хоног эцэг, эх нь гэртээ ирээгүй хүүхэд өлсөхийн эрхээр гадагш хараа хяналтгүйгээр гарч байна. Харамсалтай нь, ийм явдал нэг хүүхдийн хувьд маш олон давтагдаж байгаа. Архины хамааралтай болсон эцэг, эхчүүд гэнэт хэвийн байдалдаа ордоггүй учраас манайд хүүхдүүд дахин дахин ирдэг. Бид түр байранд ирсэн хүүхдүүдэд анхны тусламж, зөвлөгөө өгөөд 102 эсвэл дүүргийн хамтарсан багуудтай холбодог. Төр архидалтыг бууруулах талаар их анхаардаг байсан нь сүүлийн жилүүдэд орхигдоод байх шиг. Архинаас болж гэр бүлд маш их бэрхшээл, зөрчил үүсдэг. Эмэгтэйчүүд, хүүхдүүд хүчирхийлэлд өртөх, гэр бүл салах, хүүхдээ хайхрахгүй байх зэрэг сөрөг үр дагавар ихтэй. Ер нь нийгэм, гэр бүлийн зөрчлийн золиос нь дандаа хүүхэд болж байна.
-Ийм үл хайхрах хүчирхийллийн цаана өөр хэлбэрийн хүчирхийлэл ч нуугдаж байдаг шүү дээ?
-Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тоо нэмэгдэж, насны хязгаар багасаж байгаа нь үнэхээр харамсалтай. Нэг ой ч хүрээгүй хүүхэд ч үүнд өртөж л байна. Эцэг, эхчүүдийн үл хайхрах байдлаас болоод хүүхдийн эрсдэл маш их нэмэгддэг. Наад зах нь халуун хоол, цайнд түлэгдэнэ. Сүүлийн үед эцэг, эх нь аялж, зугаалж явахдаа анхаарал тавиагүйгээс хүүхэд усанд осолдох тохиолдол нэмэгдлээ.
-Хүүхэд нь асуудлаа шийдэж чадахгүй байгаа хүүхдүүдийн эцэг, эхчүүд ямар насныхан байна вэ?
-Дуудлага өгч байгаа хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн олонх нь 30-40 насныхан байдаг. Энэ үеийнхэнд үр хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг, хариуцлагыг нь ойлгуулж чадалгүй, хаана нь алдсан юм бол доо гэж бодогддог. Одоо 1980 оны сүүл, 1990 оны эхээр өсөж торнисон хүүхдүүд 30-40 нас хүрч, эцэг эхчүүд болсон. Тиймээс тухайн үед боловсролын тогтолцоо ямар байсныг эргэж хармаар. Энэ үед ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулгад гэр бүл, эцэг, эхийн үүрэг хариуцлага, хүүхдийн хүмүүжлийн талаар юу ч зааж, сургадаггүй байсан. Зөвхөн эрүүл мэндийн хичээл нэр төдий ордог байлаа. Өнөөгийн нийгмийн харгис, ширүүн байдал тэр үеийн л үр дүн. Сүүлд ёс суртахуун, иргэний боловсролын хичээл ордог болсон ч сургуулиуд хичээл гэж тоож үзэхгүй, багш нарын жижүүрийн яриа хийдэг цаг болж хувирсан. Хэрэв шат шатандаа үүнд дорвитой анхаарсан бол нөхцөл байдал өнөөдрийнхөөс арай өөр байх байсан гэж боддог. Хүүхэд зөв аргаар зааж өгвөл аливааг маш сайн сурдаг, тэр нь насан туршийн боловсрол болдог. Гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болсон л бол энэ хүүхдийн амьдрал, бүх зүйл надаас шалтгаална гэдгийг ухамсарлах хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш хүүхэд өөрийн хүслээр төрөөд, өөрөө өсөж торних юм шиг хөндлөнгийн сэтгэлгээ гаргаж болохгүй шүү дээ. Уг нь монголчууд үр хүүхдээ сурган хүмүүжүүлдэг, халамжлан өсгөдөг сайхан уламжлалтай. Гэтэл нь энэ ухаан, сургаал алдагдчихаад байна.
• Дуудлага өгч буй хүүхдүүдийн эцэг, эхчүүд ихэнхдээ 30-40 насныхан байдаг.
• Нийгмийн байдал сайжирч байгаа учраас өнөөдөр нүднээс далд байсан хүчирхийлэл ил болж байна.
• Түр хамгаалах байранд зайлшгүй хамгаалалтад авах шаардлагатай 20-25 хүүхэд өдөрт ирдэг.
-Та хүүхдүүдээс дуудлага хүлээн авдаг хүний хувьд эрчүүдийн, аавуудын хандлагын талаар юу хэлэх вэ?
-Хэзээ аавууд ийм болчихсон юм бол гэж их гайхдаг. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш монголчууд охин хүүхдээ хөвгүүдээс илүү боловсролтой, бие даасан байдалтай болгохыг ичээдэг болсон. Хөвгүүд хонины бэлчээрт малаа хариулж үлдээд, охид сургуульд явдаг. Эмэгтэйчүүд илүү боловсролтой болоод ирэхээр эрчүүд нь тэдний доор орохгүйн тулд хүч хэрэглэх, дээрэлхэх хандлага гаргадгийг үгүйсгэхгүй. Аавуудын нийгэм дэх байр суурь бага болсон учраас үүнийгээ хүчээр шийдэх гэж оролдож байх талтай. Энэ нь нөгөө л гэр бүл салалт, хүчирхийлэл, архидалтын нэг шалтгаан болдог гэж нэг талаас үзэж болохоор.
-Гэхдээ сүүлийн үед хүүхдийн эрхийг маш нухацтай авч үздэг, ярьдаг боллоо. Хүмүүсийн үзэл бодол, хандлага хэр өөрчлөгдөж байна вэ?
Мэдээж, нийгмийн хөгжлийг дагаад эерэг хандлага гарч байгаа. Төрөөс Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль хэрэгжүүлж эхэлснээр багагүй үр дүн гарч байгаа нь анзаарагддаг. Ер нь нийгмийн байдал сайжирч байгаа учраас өнөөдөр нүднээс далд, чихнээс хол байсан хүчирхийлэл ил болж байгаа гэж болно. Хаалганы цаана нууцаар өрнөж байсан хүчирхийлэл одоо ил болж байгаа нь энэ. Үүнийг нийтээрээ хэлэлцэж, хэрхэн өөрчлөх талаар хэлэлцүүлэг өрнөсний дараа хүүхэд хамгааллын тогтолцоо илүү сайжрах эерэг талтай. Зарим хүн 13 настай охины амиа алдсан хэргийг олон нийтэд дэлгэлээ гэж их шүүмжилж байна. Гэхдээ энэ хэргийг олон нийтэд ил болгосноор ийм үйлдэлд хийвэл хуультай юм шүү гэдгийг ойлгуулахаас гадна эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэг болно.
-Танай төвд орон нутгаас хэр олон дуудлага ирдэг вэ?
-Дуудлагын 87 хувийг нийслэлийнхэн эзэлдэг. Энэ нь 108 төвийн талаар Улаанбаатар хотын иргэд мэдээлэл сайтай байгаатай холбоотой. Гэтэл 21 аймгаас нийт дуудлагын дөнгөж 23 хувь нь ирж байна. Дунджаар тооцвол нэг аймагт дөнгөж нэг хувь ногдож байгаа юм. Орон нутагт 108 утасны талаарх мэдлэг, ойлголт муу байдаг нь хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой.
-108 төвийн төсөв хэр байдаг вэ?
Төсөв энэ жил эрс нэмэгдсэн. 108 утсыг олон улсын стандартад хүргэхийн тулд салбарын яамнаас багагүй дэмжлэг үзүүлж байгаа. НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд залуучуудын газартай хамтарч төвийн техник, хэрэгсэл, ширээ, сандлыг шинэчилсэн. Саяхан 108 төвийн байрыг зассан. Мөн “Мобиком” корпораци хоёр жилийн дотор одоо хэрэглэж байгаа дуудлагын программыг олон улсын стандартын дагуу шинэчлэхээр болсон. Санхүүжилтийг нь Дэлхийн зөн олон улсын байгууллага гаргахаар санамж бичигт гарын үсэг зураад байгаа.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй