АНУ-д шинээр ажилд орсон иргэдийн тоо 200 мянга болж өсөв
АНУ-д өнгөрсөн нэгдүгээр сард шинээр ажилд орсон иргэдийн тоо 200 мянга болж өссөн байна. Энэ нь эдийн засагчдын таамгаас давсан үзүүлэлт юм. Ингэснээр ажилгүйдлийн түвшин нь 4.1 хувьтай буюу 2000 оноос хойших хамгийн доод түвшинд хадгалагдсан хэвээр байна. Тус улс бүрэн ажил эрхлэлтийг бий болгох зорилтоо биелүүлэхэд дөхсөөр байгааг шинжээчид онцолжээ. Үүнээс гадна АНУ-ын цагийн цалингийн дундаж түвшин жилийн өмнөхтэй харьцуулахад шинжээчдийн таамагласнаар өндөр хувиар буюу 2.9 хувиар өссөн талаар тус улсын Хөдөлмөрийн яам мэдээлсэн байна. Энэ нь 2009 оны зургаадугаар сар буюу эдийн засгийн хямрал дууссанаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. АНУ-ын хөрөнгийн фьючерс арилжааны дүн доогуур хэвээр байгаа ч Засгийн газрын бондын өгөөж нэмэгдэж, ам.долларын ханш чангарч байна. Үүнээс хамаарч АНУ-ын Төв банк энэ онд бодлогын хүүгээ өсгөх магадлал нэмэгдсэн төдийгүй дөрвөн ч удаа өсгөж магадгүй гэж шинжээчид таамаглаж эхэлжээ. Үүний нэг нь ирэх сард тохиох магадлал 92 хувьтай байна.
Дашрамд дурдахад, Холбооны нөөцийн банкны шинэ тэргүүн Жером Пауэлл энэ даваа гарагаас үүрэгт ажилдаа орж байна. Тэрбээр мөнгөний бодлогыг алгуур чангатгах Жанет Йеллений бодлогыг дэмжиж ирсэн юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй