Сэргээгдэх эрчим хүчний өртөг иргэдийг сэгсэрч байна

Мэдээ


Ам.долларын зөрүүг нөхдөг дэмжих тарифыг эргэж харъя

Дэлхий дээр жилд 300 сая хүн сэргээгдэх эрчим хүчийг өдөр тутамдаа хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Байгалийн шавхагдашгүй нөөц болох нар, салхи, ус, газрын гүний дулааныг эрчим хүч, цаашлаад мөнгө болгон хувиргадаг энэ салбар сүүлийн 10 жилд хурдацтай хөгжиж байна. 2016 онд энэхүү эко салбарын хүчин чадал өмнөх оноос 8.7 хувь буюу 161 ГВт-аар нэмэгджээ. АНУ, БНХАУ, ХБНГУ зэрэг салбарын тэргүүлэгч орнууд дотоодын хэрэгцээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангахаас гадна экспортлох зорилт тавьж буй. Харин манай улсын хувьд төслийн хэмжээнд байгаа Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нэгдэж, экспортлох орон болох том зорилттой. Түүнчлэн 2020 онд эрчим хүчний хэрэглээнийхээ 20, 2030 онд 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөж байгаа.

Өнөөдрийн байдлаар нийт хэрэглээнийхээ 12.5 хувийг сэргээгдэх эрчим хүчээр бүрдүүлж буй нь чамлахааргүй үзүүлэлт юм. 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдсанаар хүлэмжийн хийнээс татгалзсан энэ салбарт олон төсөл хэрэгжүүлж, зарим нь төслийн шатандаа явна. Засгийн газраас станцуудын эрчим хүчийг худалдан авч, цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлэх замаар энэ салбарыг дэмждэг. Өнөөдрийн байдлаар манай улсад 148 МВт хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний найман үйлдвэрлэгч бий. Төв аймгийн Салхит уул болон Өмнөговь аймгийн Цогтцэций суманд тус бүр 50 МВт-ын салхины цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэж байна. Салхитын цахилгаан станц нь 100 мянган өрхийн жилийн хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц 168.5 сая кВтц эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин Цогтцэций дэх цахилгаан станцыг өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад оруулснаар хүлэмжийн хийг 230 сая тонноор бууруулж, 180 мянган тонн нүүрс, 1.2 сая тонн ус хэмнэх боломж нээгдсэн юм.

Түүнчлэн өнгөрсөн онд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг болон Дархан-Уул аймагт тус бүр 10 МВт-ын нарны цахилгаан станцууд үүдээ нээсэн. Сонгинохайрхан дүүрэг дэх “Моннаран” станц нь жилд 23 мянган өрхийн эрчим хүчийг хангах боломжтой бол Дарханы цахилгаан станц жилд 14.1 сая кВтц эрчим хүч үйлдвэрлэдэг. Дээр дурдсан нар, салхины станцууд эрчим хүчээ манай улсын нэгдсэн сүлжээнд нийлүүлж, 14 аймаг болон Улаанбаатар хотын өрхүүдийг хангадаг. Харин баруун бүсэд 0.38-12 МВт-ын хүчин чадалтай Тайшир, Дөргөн, Богдын гол, Тосонцэнгэлийн усан цахилгаан станцууд эрчим хүч нийлүүлдэг юм. Манай улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц 1500 терраватт цаг буюу Зүүн хойд Азийн 2030 оны хэрэглээг дангаар хангахуйц байгааг Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагаас тооцсон байдгийг судлаач онцолсон. Гаднын компаниуд энэ салбарт хөрөнгө оруулах сонирхол их байгаа учраас 2018 оны эцэст эрчим хүчний хэрэглээний 20 хувьд хүрэхээр байгаа юм. Гэхдээ энэ өсөн дэвжиж буй салбарт нэн даруй шийдвэрлэх ёстой сорилтууд бас бий. АНУ сэргээгдэх эрчим хүчний салбарыг технологийнхоо хүчээр хошуучилж яваа. Харин манай улс гаднын технологийг импортолдог учраас өртөг нь өндөр. Мөн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг тэр бүр хэрэглэж чадахгүйгээс энэ чиглэлийн эрчим хүчний станцуудын горим тохиргоо доголдож буйг салбарынхан хэлж байна.

Дэмжих тарифт нэг kВтц тутамд 11.88 төгрөг авдаг
Тухайлбал, нарны цахилгаан станцууд бүрхэг өдрүүдэд төлөвлөснөөс бага эрчим хүч хураах тохиолдол гардаг. Хэрэв эрчим хүчээ зөвхөн нар, салхины цахилгаан станцад найдвал наргүй, салхигүй өдөр цахилгаанаар гачигдах эрсдэлтэй. Зарим оронд өндөр хүчин чадалтай зайгаар уг бэрхшээлийг шийдсэн ч өртөг нь тун өндөр. Тиймээс манайд технологио сайжруулаагүй тохиолдолд нар, салхины эх үүсвэртэй эрчим хүчинд хэт найдах нь өрөөсгөл. Харин усан цахилгаан станц нь горим, тохиргооны хувьд эрсдэл бага. Эгийн гол, Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийг урагшлуулбал горимоос шалтгаалсан эрсдэл буурахыг мэргэжилтнүүд онцолж байна. Манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын орчныг гадныхан таатайгаар хүлээж авдаг. Харамсалтай хэрэглэгчдийн хувьд энэ нь илүү төлбөр болж бууж байна. Анх 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг батлахдаа цахилгаан станцуудаас худалдаж авах төлбөрийг үйлдвэрлэх эх үүсвэрээс нь хамаарч кВтц тутамд 0.8-0.18 ам.доллараар байхаар заасан байдаг. Тухайн үед ам.долларын ханш дунджаар 1170 төгрөг байв.

Харин өнөөдөр 2400 орчим байгаа учраас ханшийн зөрүүг хэн төлөх нь маргаан дагуулж эхэлсэн юм. Тиймээс 2015 оноос дэмжих тариф нэрээр хэрэглэгчдээс авахаар болж, өрхүүдийн цахилгааны төлбөр дээр нэг кВтц цахилгаанд 11.88 төгрөг нэмж бодогдож байна. Сэргээгдэх эрчим хүч бол зөв залж чадвал манай улсын брэнд “бүтээгдэхүүн” болох өргөн боломж бий. Гэсэн ч энэ салбарын өндөр өртөг иргэдийн хэтэвч дээр ийнхүү бууж байна. Нийслэлийн гэр хорооллын өрхүүд сард дунджаар 200 кВтц цахилгаан хэрэглэдэг, нэг кВтц тутамд 11.88 төгрөг төлдөг гэж тооцож үзье. Ингэвэл гэр хорооллын 220 мянган өрх сард дунджаар 522.7 сая төгрөгийг дэмжих тарифт төлдөг байх нь. Жилээр үржүүлбэл 6.2 тэрбум төгрөг иргэдийн халааснаас үйлдвэрлэгчдэд очдог тооцоо гарч байна. “Сэргээгдэх эрчим хүчний өөрийн технологийн өртөг жилээс жилд буурч байгаа. Цаашдаа үнэ, тарифыг бууруулах боломж бий” гэж судлаач П.Товуудорж өгүүлсэн. Тиймээс ам.доллараар үнэлсэн сэргээгдэх эрчим хүчний салбарыг хүчээр барих биш, зах зээлийн голдрилд нь оруулах цаг ирж байна. Ирэх жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ өснө. Үүнийг дагаад иргэдийн халааснаас нэмж авдаг төлбөр улам тэлэх учраас дэмжих тарифыг эргэж харах нэн шаардлагатай болжээ.

САНАЛ БОЛГОХ