7505
Зуны олимпийн түүхээс: Бээжин 2008
Спорт
“Рио 2016” олимпийн наадам эхлэх мөч ойртож буйтай холбогдуулан ЗГМ сонин зуны олимпийн түүхийг цувралаар хүргэж байна.
2001 оны долдугаар сард болсон ОУОХ-ны ээлжит чуулганаар Хятадын нийслэл Бээжин хот зуны XXIX олимп зохион байгуулах эрхийг авчээ. Канадын Торонто, Францын Парис, Туркийн Истанбул, Японы Осака хот энэ эрхийн төлөө өрсөлдсөн ч урьдчилсан сунгаанд хол хоцорсон юм. Бээжин хоёрдугаар шатанд 56 санал авсан бол ард нь Торонто дөнгөж 22 саналтай байв. Ийнхүү өмнөд хөршийн нийслэл найман жилийн өмнөх азгүйтлээ арилгаж, олимпийн наадам анх удаа зохион байгуулах эрхтэй боллоо. Уг нь тэд 2000 оны олимпийн нийслэлээр тодрох боломжтой байсан ч эцсийн мөчид Сиднейд ялагдсан билээ.
Бээжин олимпийн нийслэл болсонтой зэрэгцэн тэднийг эсэргүүцэгчид дуу хоолойгоо чангаруулж эхлэв. Хятадад хүний эрх дээд зэргээр зөрчигдөж байна, ийм улсад эрх өгсөн нь алдаа гэх шүүмжлэл хамгийн хүчтэй нь байсан. Түүнчлэн Бээжин хотын агаарын бохирдол олон хүний санааг зовоож байв.
Бээжингийн олимпийн зардлын тайлан одоог хүртэл эргэлзээтэй байдаг. Олимпоос нэг жилийн дараа зохион байгуулах хорооныхон нийт зардал “Афин 2004”-тэй ойролцоо буюу 15 тэрбум ам.доллар гэж мэдэгдсэн. Харин өөр эх сурвалж зардлын хэмжээг 40-44 тэрбум гэж байв. Сүүлийн энэ дүн илүү бодитой гэдэгт шинжээчид санал нэгддэг. Зохион байгуулагчид хотын нийтийн тээврийн сүлжээг цогцоор нь сайжруулж, экологийн асуудлыг шийдэхэд 40 шахам тэрбумыг зарцуулсан гэдэг. Харин тэмцээн уралдаан явагдах цэнгэлдэх, цогцолборуудын бүтээн байгуулалтад хоёр тэрбум ам.доллар зарцуулжээ. Хятадууд олимпийн наадмыг спортын 37 цогцолборт зохион байгуулснаас 19-ийг нь шинээр босгосон юм. Үлдсэн хэдийг нь сэргээн засварлаж, шинэчилжээ.
2008 оны гуравдугаар сарын 24-нд Грекийн Олимп уулнаас гараагаа эхэлсэн галт бамбарын аялал 137 хоногийн турш 137 мянган км зам туулж, түүхэн шинэ дээд амжилт тогтоов. Зохион байгуулагчид галт бамбарыг дэлхийн ноён оргил Эверестэд гаргаж, олны анхаарлыг татсан. Аяллын үеэр Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид бамбарыг унтраахыг оролдсон тохиолдол хэд хэд гарч байв.
Бээжингийн олимпод 204 орон тамирчнаа илгээсэн нь шинэ дээд амжилтаар бүртгэгдлээ. Маршалын арлууд, Монтенегро, Тувалу олимпод анх удаа тоосоо өргөжээ. Нийт 10942 тамирчин спортын 28 төрөлд 302 багц медалийн төлөө (мөн л дээд амжилт) өрсөлдөв. Нийт 100 мянган сайн дурынхан ажилласан бол 159 орны 24562 сэтгүүлч олимп сурвалжилжээ. Тэмцээний үеэр дэлхийн дээд амжилт 40, олимпийн рекорд 130 удаа эвдэгдсэн нь түүхэнд ховор тохиолдох явдал байлаа.
Монгол, Панам улс олимпийн анхны аваргаа Бээжинд өлгийдөн авсан юм
Олимп бүр өөрийн баатартай байдаг. Тэгвэл “Бээжин 2008”- ын гол баатар нь америк усчин Майкл Фелпс болов. Тэрбээр Афины олимпоос зургаан алт авч, тодоор гялалзаж чадсан. Тэгвэл түүний энэ амжилт Бээжингийн олимптой харьцуулахад жижиг зүйл байж. Фелпс Бээжинд ирэхээсээ өмнө найман зайд уралдана, найман алт авна гэж мэдэгдсэн нь дуулиан дэгдээгээд байв. Гэхдээ тэрбээр энэ үгийг зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр хэлээгүй байж. Америк залуу Бээжингийн усан замд бүрэн утгаараа ноёрхож, амласан ёсоор найман алтан медаль эх орондоо авчрав. Ингэхдээ долоон зайд дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон нь түүний амжилтыг улам онцгой болгосон юм.
Бээжинд гялалзсан өөр нэг од нь ямайк гүйгч Усэйн Болт байв. Дэлхийн хамгийн хурдан хүн тэрбээр 100, 200 болон 4х100 метрийн буухиад аваргалж, спринтийн бүх зайд түрүүлсэн анхны тамирчнаар тодорсон байна. Ингэхдээ 100, 200 метрт дэлхийн дээд амжилт шинэчлэн тогтоожээ.
Хөлбөмбөгийн тэмцээнд Л.Месси, С.Агуэро, Х.Рикельме нарын ододтой Аргентиний шигшээ итгэл төгс тэргүүлэв. Тэд зургаа дараалж хожихдоо Нидерланд, Бразил зэрэг хүчтэй өрсөлдөгчдийг буулган авчээ. Түүнчлэн сагсан бөмбөгийн тэмцээнд Америкийн Мөрөөдлийн баг түрүүлж, алдагдсан нэр төрөө эргүүлэн авав. Энэ удаа багийн бүрэлдэхүүнд К.Брайант, Л.Жеймс, Д.Ховард, К.Энтони, К.Бош, К.Пол, Ж.Кидд нарын одод багтаж байв. Финалд Испанийн баг л тэдэнтэй арай дөнгүүр үзэлцэж, 11 онооны зөрүүтэй ялагджээ.
Багийн нийлбэр дүнгээр зохион байгуулагч БНХАУ анх удаа түрүүллээ. Тэд нийт 51 алтан медаль авчээ. Америкчууд медалийнхаа тоогоор илүү байсан ч алтын тоогоороо хол хоцорч, аман хүзүүдсэн юм. Нийт 87 улс медаль авсан бөгөөд үүний 54 нь алтан медальтай (аль аль нь дээд амжилт) байв. Америк, Оросоос өөр улс багийн дүнгээр тэргүүлсэн нь 1936 оноос хойших анхны тохиолдол болжээ. Тажикистан, Афганистан, Маврики, Того улс олимпийн түүхэнд анхны медалиа өөрийн болгов. Түүнчлэн Монгол, Панам улс анхны олимпийн аваргаа өлгийдөн авсан юм.
Монголчууд энэ удаагийн олимпод спортын долоон төрөлд 29 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар 31 дүгээр байрт жагслаа. Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар Монгол Улсын түүхэнд олимпийн анхны аваргууд болсон бол П.Сэрдамба, О.Гүндэгмаа нар мөнгөн медалиар энгэрээ мялаав. Түүнчлэн боксчин У.Мөнх-Эрдэнэ, жүдоч Д.Цэрэнханд, Д.Нямхүү нар медалийн төлөө өрсөлдөж байв.
Зохион байгуулагчид хэдийгээр 40 гаруй тэрбум ам.долларын зардал гаргасан ч нэг тэрбумын ашиг олсон хэмээн тайландаа бичсэн байдаг. Гэхдээ энэ тайланд итгэх хүн тун цөөхөн байлаа.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй