Инээмсэглэл 2

UB Info

Гоо үзэсгэлэн гэдэг харьцангуй ойлголт. Яг нэг зүйлийг сайхан гэж харах хүмүүс байхад муухай гэж харах хүмүүс бас байна. Хүнийг ч мөн адил. Хөөрхөн гэж харах хүмүүс байхад үгүй, царай муутай гэж харах хүмүүс ч байна. Харьцангуй ойлголт. Гэхдээ хүн бүрт хөөрхөн санагддаг, сайхан сэтгэгдэл төрүүлдэг нэг зүйл байдаг. Тэр бол инээмсэглэл. Инээмсэглэж буй, инээж буй хэн бүхэн хөөрхөн. Агуу бас хайр булаам. Хүн бүрт байдаг тийм нэгэн гоо үзэсгэлэн.

Хүний дотор бурхан, чөтгөр хоёр хамтдаа оршин тогтнодог гэж боддог. Тэгээд хоорондоо тулалдана. Харин бурхан ялахаараа өөрийнхөө төрхийг тухайн хүнд бий болгоно. Үүнийг бид инээмсэглэж байна гэдгээр нь мэддэг юм. Бурхан тэгж өөрийнхөө төрхийг бусдад бий болгодог аж. Тэгэхээр инээмсэглэсэн хүн бол эгэл амьдралд бууж ирсэн бурхан юм.

Иймд та элдэв гоё болох гэж бүү хичээ. Зүгээр л инээмсэглэ. Тэгвэл та төгс төгөлдөр гоо үзэсгэлэн болох болно. Дээр нь нэмээд бурхан мэт харагдах болно. Өөрөөр хэлбэл бурхныг хүний ертөнцөд авч ирсэнтэй адил байх болно.

Би хүсдэг юм. Миний гомдоосон бүх хүн намайг харахаараа муухай царайлавч, цаашаа хараад инээмсэглэдэг байгаасай. Битгий удаан тээж яваасай, гомдол бас үзэн ядалтаа. Цаашаа харахдаа инээмсэглэлээр тэр бүх зовлонгоо сэтгэлээсээ арчиж хаяасай. Миний баярлуулсан бүх хүн над руу харсан инээмсэглэлээ нүүрэндээ хадгалаад, бусадтай ч бас инээмсэглэн харьцдаг байгаасай. Тэгж жаргалаа уртасгадаг байгаасай. Түүнчлэн бусдад бас бэлэглэдэг байгаасай. Ер нь хүн тийм байгаасай. Тэгвэл хэний ч дотор чөтгөр ялалт байгуулахгүй. Тэгвэл царай муутай хүн гэж хорвоод байхгүй болно. Тийм л байгаасай.

Эх сурвалж: Ganzorig Ganbat

САНАЛ БОЛГОХ