Санхүүгийн салбарын хувьцаануудын ханш хамгийн ихээр өсөв
Монголын Хөрөнгийн биржид зургадугаар сард 20 өдөр арилжаа явагдаж, 516 сая төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн байна. Marketinfo.mn-ийн зүгээс гаргасан зах зээлийн тайлангийн дагуу энэ хугацаанд “Монгол савхи” компани хамгийн өндөр ханшийн өсөлт буюу 80.72 хувийн өсөлтөөр арилжаанд тэргүүлжээ. Харин салбараар нь ангилбал санхүүгийн салбарын хувьцаануудын ханш хамгийн их буюу 11.19 хувь байжээ. Сарын хугацаанд ханш нь өссөн нийт хувьцаат компаниудын дундаж үзүүлэлт 14.16 хувьтай байхад уналтын дундаж 10.63 хувьтай байсан байна. Өөрөөр хэлбэл дотоодын хувьцааны захад ханшийн өсөлт давамгайллаа. Хувьцаагаа хуваах, зах зээлд хувьцааны арилжааг идэвхжүүлэх арга хэмжээг зургадугаар сард багтаан гурван компани хийжээ. Эдгээрээс хоёр компанийн арилжааны идэвх эрс сэргэсэн байдалтай, үнийн дүнгээр тэргүүлсэн байна. “Сүү” хувьцаат компанийн хувьцаа 137.4 сая төгрөг, “АПУ” хувьцаат компанийн хувьцаа 115.5 сая төгрөгөөр арилжаалагдсан бөгөөд нийт 150-730 мянган ширхэг хувьцаа арилжжээ. Үүний дараа харьцангуй хямд ханшийн үнэлгээтэй “Гермес”, “Женко тур”, “Улсын их дэлгүүр” зэрэг компаниудын хувьцааг хамгийн ихээр худалдан авсан байна. Арилжааны идэвх мөн шинээр нээгдсэн дансны тоотой шууд уялдаж болох ч зургадугаар сард "Эрдэнэс Таван Толгой"-ийн хувьцааг эргэлтэнд оруулсан үйл ажиллагаатай холбоотойгоор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв нийт 27 мянган 121 шинэ данс, 680 холболтын данс нээжээ. Үүнээс 99.9 хувь нь дотоодын иргэдийн нээсэн данс байгаа бол үлдсэн нь буюу болон 19 шинэ данс гадаадын иргэн, Монголын болон гадаадын аж ахуйн нэгжид хамаарч байгаа юм. Бүтээгдэхүүн талаасаа тайлант хугацаанд гурван хувьцаат компанийн арилжааг зогсоосон ч гурван компанийн арилжааг нь сэргээсэн байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй