Тусгай зөвшөөөрөл авах ББСБ-ууд 2.5 тэрбум төгрөгийн дүрмийн сан бүрдүүлнэ
Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөгөөр шинэчлэн тогтоосноор цаашид үйл ажиллагаа шинээр эрхлэх этгээдүүдэд зөвшөөрөл олгохоор болж байна. Энэ нь зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд хамааралтай байх бол тогтоол батлагдахаас өмнө зөвшөөрлөө авсан банк бус санхүүгийн байгууллагуудад хамааралгүй юм. Гэхдээ одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа банк бус санхүүгийн байгууллагууд нь 2015 оны 412 дугаар тогтоолыг биелүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байгаа. Үүний дагуу гадаад валютын арилжаа эрхлэх бол 100 сая, мөнгөн гуйвуулгад 200 сая, зээлийн үйл ажиллагаанд 800 сая, итгэлцэл, хөрөнгө удирдах үйл ажиллагаанд хоёр тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө бүрдүүлэх ёстой. Шаардлагыг биелүүлэх эцсийн хугацаа нь энэ сарын таван юм.
Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлснээр энэ шийдвэрийг нийт 518 банк бус санхүүгийн байгууллагуудын 83.3 хувь нь хэрэгжүүлжээ. Үүнээс гадна мөн СЗХ-ны зохицуулалтад байдаг Монголын Хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлж байна. 2016 оны 12 дугаар сарын байдлаар 58 компани брокер-дилерийн тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа боловч II улирлын санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр 14 компани шинэ шаардлагыг хангахаар байсан талаар "Маркетинфо" цахим хуудасны шинжээчид мэдээлж байна. Шинэ шаардлагын дагуу андеррайтер болон кастодианы үйл ажилагаанд нэг тэрбум, үнэт цаасны арилжаа, хадгаламж, төлбөр, тооцоонд хоёр тэрбум шаардлагатай бол дилерт 200 сая, брокер 100 саяын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ байх ёстой.
Одоогоор андеррайтерын тусгай зөвшөөрөлтэй компани 26 байгаагаас тавынх нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нэг тэрбумаас дээш байна. Үнэт цаасны арилжаа явуулах компаниудад нэг боломж байгаа нь зөвхөн брокерийн тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулах эсвэл хоорондоо нэгдэх арга зам юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй