Борлуулалтын менежерүүдийн индекс өсөв

Мэдээ

Монгол Улсын эдийн засгийн ойрын төлөв, эдийн засгийн талаарх хүлээлтийг илтгэдэг борлуулалтын менежерүүдийн индекс 2017 он гарснаар өслөө. 12 дугаар сард энэхүү үзүүлэлт 36.8-аас 37 болж дорвитой өсөөгүй байсан бол нэгдүгээр сарын судалгаагаар 38.4 нэгж болж нэмэгджээ. Харин жилийн дүнгээр 6.5 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны 9-11 дүгээр сараас өмнөх гурван сар дараалан бизнесүүдийн итгэл унаад байсан юм. Судалгааг гаргадаг Лондонд төвтэй “World Economics” байгууллагаас онцолсноор ажиллах хүчний дэд үзүүлэлтээс бусад үзүүлэлтүүд харьцангуй өсөж, бизнесүүдийн эдийн засгийн итгэл бага зэрэг сэргээд байна.

Шинэ он гарсаар хувийн хэвшлийнхэн борлуулах бүтээгдэхүүний үнийг өсгөх боломжтой гэж харж байгааг судалгаанд онцолжээ. Цаашлаад энэ нь инфляцын өсөлтөд нөлөөлөх болов уу гэсэн таамгийг “World Economics”-оос гаргаад байна. Нөгөө талаас үнээ нэмэгдүүлэх нь бүтээгдэхүүний өөрийн өртөг, зардал нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарласан учраас хувийн хэвшлийн компаниудын ашгийн маржинд нөлөө үзүүлж чадахгүй гэжээ.

Зах зээлийн өсөлтийн, бизнесийн итгэлийн болон борлуулалтын индекс бүгд агшилтын бүсэд байгаа боловч аль аль нь өсөх чиглэлд хандаад байна. 2016 оны эхэнд бизнесүүдэд сөрөг нөлөө үзүүлж байгаа гол хүчин зүйлсийг зээлийн хүү, түүхий эдийн ханшийн уналт, цаг агаарын хүнд нөхцөл байдалтай холбоотой гэж үзэж байсан бол энэ нь оны эцэст зөвхөн ханшийн өөрчлөлтийн хүчин зүйл болж хувираад байсан юм.




САНАЛ БОЛГОХ