Үнэт цаасны компаниудад хамаарах хувь нийлүүлсэн хөрөнгийн нэмэгдүүлсэн хэмжээг ирэх сараас мөрдөнө
Банк бус санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, ялангуяа Монголын Хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудад хамаарах хувь нийлүүлсэн хөрөнгийн нэмэгдүүлсэн хэмжээг 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлнэ. Энэ оны гуравдугаар сард Санхүүгийн Зохицуулах Хорооноос гаргасан шийдвэрийн дагуу зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн компаниудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхээр болсон юм. Тухайлбал, шинэчлэн тогтоосон шаардлагаар үнэт цаасны арилжаа эрхлэх этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ хоёр тэрбум төгрөг байх ёстой бол мөн хэмжээг үнэт цаасны төвлөрсөн хадгаламж, төлбөр эсвэл тооцооны чиглэлийн этгээдүүд бүрдүүлэх ёстой болж байна. Харин кастодиан үйлчилгээний хувьд доод хэмжээ нэг тэрбум төгрөг байх бол үнэт цаасны дилер 200 сая төгрөг, брокер 100 сая төгрөг гэх жишээтэй байна.
Өнөөдрийн байдлаар 58 компани брокер дилерийн тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Шинжээчдийн гаргасан дүгнэлтээр 2016 оны хоёр улирлын санхүүгийн үзүүлэлтээр 14 компани нь хувь нийлүүлсэн хөрөнгийн шинэ шаардлагыг хангахаар байгаа ажээ. Харин бусад 44 компани энэ сардаа багтаан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. 12 дугаар сард бол эцсийн хугацаа юм. Хэдий тийм боловч нэг боломж байгаа нь 18 компани зөвхөн брокерийн тусгай зөвшөөрөлтэйгөөр цаашид үйл ажиллагаагаа явуулах юм байна.
Андеррайтерын тусгай зөвшөөрөлтэй компаниуд 26 компани байгаагаас таван компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нэг тэрбум төгрөгөөс дээш байна. Иймд шаардлагыг хангахгүй байгаа компаниуд энэ сардаа багтаан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх, эсвэл хоорондоо нэгдэх замаар шаардлагыг хангах бололцоотой юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй