“Ази-Европын бизнесийн чуулга уулзалт” хамгийн чөлөөтэй, нээлттэй нь байна
ASEM-ийн дээд түвшний уулзалт эхлэхэд гурван өдөр үлдээд байна. Дээд хэмжээний уулзалтаас өмнө ASEM-ийг угтсан сүүлийн арга хэмжээ болох Ази, Европын бизнесийн чуулган лхагва гарагт эхлэх гэж байна. ASEM-ийг “Шангри-Ла”, Шангри-Ла дахь хэвлэлийн төв, “ASEM Villa”, “Чингисийн хүрээ” зэрэг хэд хэдэн газар зохион байгуулна. Эдгээр газруудад бэлтгэл ажил 92 хүртэл хувьтай байгааг Гадаад хэргийн сайд мэдээллээ. Гэхдээ бороо ус ихтэй байснаас шалтгаалан зарим газар бэлтгэл ажил тааруухан байгаа юм байна. Ази, Европын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилтай холбоотойгоор өнгөрсөн 20 сарын хугацаанд Төрийн байгууллагуудын ажилтнуудаас гадна 2800 гаруй хүн дайчлагдан ажилласан байна. Мөн улсын болон хувийн хэвшлийн, дотоодын болон гадаадын 20 гаруй их, дээд сургуулийн 1200 гаруй оюутан зохион байгуулалтад сайн дураар оролцож байгаа юм.
АSЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын сүүлийн хурал болох “Ази-Европын бизнесийн чуулга уулзалт” долдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Бизнесийн уулзалт ASEM-ийн дээд хэмжээний уулзалтыг угтан зохион байгуулсан бусад 10-аад уулзалттай харьцуулахад хамгийн чөлөөтэй, нээлттэй нь байна гэж зохион байгуулагчид хэлж байна. Энэхүү уулзалтад 600 гаруй гадаадын болон Монголын бизнес эрхлэгчид оролцоно. Уулзалтын үеэр “Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх”, “Ази, Европын уялдаа холбоо", "Жижиг дунд бизнесийг олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх”, “Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” зэрэг сэдвээр хэлэлцэхээс гадна, төлөөлөгчид хоорондоо бизнесийн яриа хэлэлцээ хийх боломжоор хангаж өгч байгаа аж. Харин дээд хэмжээний уулзалтад ASEM-ийн гишүүн орнууд бүрэн оролцоно. Энэхүү чуулганаас гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн “Чуулга уулзалтын зөвлөмж” болгон төлөөлөгчдөөр батлуулж 11 дэх удаагийн “АSЕМ-ийн дээд түвшний уулзалт”-д хүргүүлж, АSЕМ-ийн дээд түвшний уулзалтаас гарах баримт бичигт тусгах юм.
Үүнээс гаднаASEM-ийн дээд хэмжээний уулзалтад Японы Ерөнхий сайд Шинзо Абэ оролцох нь баталгаажаад байгаа бол өнгөрсөн амралтын өдрүүдэд “Xinhua” агентлаг БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан дээд хэмжээний уулзалтад оролцохыг баталгаажуулжээ. Дээд хэмжээний уулзалтад 25 орны Ерөнхий сайд, 10 улсын Ерөнхийлөгч уулзалтад оролцохоос гадна тав нь өндөр дээд хэмжээний айлчлал хийнэ. Эдгээр айлчлалын хүрээнд мөн хэд хэдэн бие даасан бизнесийн форумууд болохоор хүлээгдэж байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг дагалдан тус улсын 80 гаруй бизнес эрхлэгч дагалдан ирж байгаа бол Сингапурын Ерөнхий сайдын хамтаар 10 гаруй бизнесийн төлөөлөгч ирж байна. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн хувьд зөвхөн ASEM-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирж байгаа ч албан ёсны айлчлалын хэмжээнд хүлээн авахаар бэлтгэлээ базааж байгааг Гадаад хэргийн яам мэдээллээ. Мөн түүнийг дагалдан ОХУ-ын бизнесийн төлөөлөгчид Ази, Европын бизнесийн уулзалтад оролцох юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй