"Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр"-ийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь чухал гэв
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевийг ASEM-ийн дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Үүнээс өмнө Дмитрий Медведев 2010 онд Монгол Улсад Ерөнхийлөгчийн хувиар айлчилж байсан юм. Хоёр улс "Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр"-ийг байгуулж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь чухал гэдэг дээр талууд санал нэгдсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев нар Монгол Улс-ОХУ-ын харилцан ашигтай, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Монгол Улсад албан айлчлал хийгээгүй, ASEM-ийн уулзалтад оролцож байгаа учраас эцсийн тохиролцоо хийгээгүй юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхий сайд Карим Масимовтай уулзлаа. Карим Масимов Монгол Улсыг нэр хүндтэй арга хэмжээг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэсэн байна. Талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Тухайлбал “Хоёр орон худалдаа, эдийн засгийн бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Тиймээс Монгол, Казахстан улс хоорондын өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөрөнгө оруулалтын төслүүдээр баяжуулж, идэвхжүүлэн өргөжүүлэхээр талууд харилцан тохиролцжээ. Мөн Казахстан улсын Ерөнхий сайд Карим Масимов Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хандив өгөхөө илэрхийллээ. Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан ирэх 11 дүгээр сард зохион байгуулагдана. Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаа ярилцаж, ажил хэрэг болгохоор төлөвлөж байгаа юм байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй