Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байна

Мэдээ

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын XX хуралдаан боллоо. Талууд энэ онд батлагдсан Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг, худалдааны чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах болсон юм. Ялангуяа хамтран ажиллах шинэ чиглэлийг эрчим хүчний салбарт байхаар тохирсон байна. ОХУ-ын эрчим хүчний компаниуд Монголын талтай хамтарсан компани байгуулж, Усан цахилгаан станцын болон бусад шинэ төслийг хэрэгжүүлэх, эрчим хүчний байгууламжуудыг мөн шинэчлэхэд оролцох сонирхолтой байгааг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, ОХУ-Монголын Засгийн газар хоорондын комиссын ОХУ-ын хэсгийн дарга С.Е.Донской онцоллоо.

Харин уул уурхайн салбарт 1960-1990 онд ОХУ-ын талын хөрөнгөөр Монголын нутаг дэвсгэрт хийсэн геологийн судалгааны тайлангууд болон нууцын зэрэглэлд байгаа бусад тайланг Монголын талд хүлээлгэн өгөх асуудлыг дөрөвдүгээр сар гэхэд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна. Одоогоор эдгээр нь "Росгеологи" фондын архивт хадгалагдаж байгаа ажээ.

Үүнээс гадна банк санхүүгийн салбарт 2017 онд Монголбанк ОХУ-ын Төв банктай хамтран зээл олгогч байгууллагуудын уулзалтыг зохион байгуулахыг дэмжсэн байна. Хамтран эзэмшиж байгаа "Улаанбаатар Төмөр зам"-ын хувьд нийгэмлэгийн үр ашгийг үргэлжлүүлэн дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, түүний дотор дэд бүтцийг сайжруулах чиглэлийг баримтална. Цаашлаад хүний нөөц бэлтгэх зорилгоор ОХУ-ын Тээврийн яамны харьяа их, дээд сургуулиудад жилд 70 хүртэлх монгол иргэнийг ОХУ-ын зардлаар сургана.

Мөн төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн тохирох боломжтой учраас 2017 он гарснаар эхний улиралд байгуулах боломжтой талаар Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр мэдээллээ.




САНАЛ БОЛГОХ