Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ
Узбекистан улсын Ташкент хотноо болж буй ШХАБ-ын хурлаар ОХУ, Монгол Улс, БНХАУ хоорондын транзит тээврийн хэлэлцээрийг батлах гэж байна. Үүнтэй холбогдуулан зургадугаар сарын 14-ны өдөр өргөн барьсан энэхүү хэлэлцээрийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцлээ. Хэлэлцээрийн хүрээнд "Азийн авто замын сүлжээ"-ээр тээвэр хийх боломжтой болох аж. Монгол Улс 1993 оноос олон улсын авто тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казакстан, БНАСАУ, Турк, Киргиз, Латви, Украин зэрэг улстай байгуулсан байдаг. Ачаа, зорчигч тээвэрлэлтийн судалгаагаар гуравдагч орнуудтай тээврийн харилцааг хөгжүүлэх шаардлагатай юм. Энэ хүрээнд ОХУ-Монгол Улс-БНХАУ-ын гурван талын холбогдох байгууллагуудын 2016 оны гуравдугаар сард болсон уулзалтаар хэлэлцээрийн нэрийг "Азийн авто замын тээврийн сүлжээгээр авто замын тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр" гэж эцэслэн шийдвэрлэсэн юм. 20 зүйл, гурван хавсралт бүхий баримт бичиг нь татвар даатгалын заалтууд, жолооч, тээвэрлэлтийн үүрэг хариуцлагыг тусгажээ. Хэлэлцээрийг зурахаас өмнө ийнхүү Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо Засгийн газраас өргөн барьсан төслийг хэлэлцэж гарын үсэг зурах зөвшөөрлийг олгосон юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй