Ерөнхий сайд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордов
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо. Ерөнхий сайд Япон улсад аравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд айлчилна. Түүний хувьд албаа авсны дараах анхны албан ёсны айлчлалыг тус улсад хийж байгаа юм. Япон улс нь Монгол Улсын хувьд анхны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан улс гэдгээр онцлог юм. Ерөнхий сайд гурван өдрийн айлчлалаараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээ хийж, гуравдагч хөрш гэгдэж байгаа Япон улстай хөгжүүлж байгаа Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохирно гэсэн хүлээлттэй байна. Үүнээс гадна Япон улсын Парламентын төлөөллүүдтэй уулзахаар төлөвлөжээ. Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхаж, Япон улстай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгч байгааг нотлох юм байна. Харин Ерөнхий сайдын Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлалыг дагалдаж байгаа бизнесийн төлөөлөгчид "Монгол-Японы эдийн засаг, бизнесийн форум"-д оролцоно.
Бизнес эрхлэгчдийн хувьд Ерөнхий сайдтай Токио хотноо чөлөөт уулзалт хийж, 240 компани, 55 мянган хүн оролцдог, жилд нэг удаа болдог тоног төхөөрөмж, техник хангамжийн "Tool Japan" үзэсгэлэнг үзэж сонирхох боломж мөн гарч байна. Дотоодод үйл ажиллагаа явуулдаг нийт 40 орчим компанийн удирдах албан тушаалтнууд айлчлалыг дагалдаж байна. Томоохон компаниудаас "Таван Богд", "Моннис", "Нүүдэлчин" Групп, "Говь-Эрдэнэ Кашмер" зэрэг компанийн төлөөлөгчид айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байгаа юм. Монголын бизнесийн төлөөлөгчид энэ удаад Японы Цүкүба хот дахь Монголын чацарганын шүүс болон тосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани болон тэргүүлэх шингэн хүнсний үйлдвэрлэгч "Asahi" шар айрагны үйлдвэртэй танилцах уулзалт хийх нь "бизнесийн сайн туршлага" болно гэдгийг МҮХАҮТ-аас онцолж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй