Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өсч, 32.8 мянгад хүрчээ

Мэдээ

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013-2015 онуудад харьцангуй буурч байсан бол 2016 оны эхний хагас жилийн байдлаар үл ялиг өсч 32.8 мянган болжээ. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн иргэдийн тоо өссөөр байгаа юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд 45.4 мянган иргэн идэвхтэй ажил хайж байна. Үүнээс 32.8 мянган иргэн хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн аж. Бүртгүүлээгүй ажилгүй иргэдийн тоо ч мөн өсч байгааг судалгааны байгууллагууд онцолж байна. Хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилд эрчимтэй хумигдаж байгаа нь хөдөлмөрийн эрэлт буурах нөхцөл бүрдүүлж, улмаар хөдөлмөрийн захын төлвийг муутгаж байна гэж Төв банк үзжээ. Тухайлбал Их сургууль төгсөөд ажилгүй байгаа, шилжин суурьшсан, орон тооны цомхотголд орсон гэх шалтгаанаар ажил хайж байгаа иргэд нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 65 хувийг эзэлж байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 48 хувь бүрэн дунд боловсролтой, 27.5 хувь нь дипломын болон бакалаврын түвшний боловсрол эзэмшсэн бол 6.9 хувь нь техник, мэргэжлийн боловсрол эзэмшсэн иргэд байгаа юм. Энэ оны гуравдугаар сард бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 35.4 мянгад хүрч өсөөд байсан ч барилга, уул уурхайн ажил улирлын чанартайгаар идэвхждэгтэй холбоотойгоор зургадугаар сард харьцангуй буурчээ. Энэ оны дөрөвдүгээр сарын мэдээллээр ажилгүйдлийн түвшин 11.6 хувьд хүрсэн нь 2010 оны I улирлаас хойших хамгийн өндөр түвшин болсон. Ажиллагсдын тоо 2016 оны I улиралд улирлын нөлөөгөөр 2015 оны IV улирлаас хоёр хувиар өссөн боловч өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар буурч нэг сая 89 мянга 303 болжээ.

Ажиллагсдыг хөдөлмөр эрхлэлтийн байдлаар авч үзвэл өрхийн үйлдвэрлэл үйлчилгээнд цалин хөлсгүйгээр ажиллагсдын тоо, нөхөрлөл хоршоодын гишүүдийн тоо нэмэгдсэн бол мал аж ахуй эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, цалин хөлстэй ажиллагсад, ажлын байраар хангагч буюу ажил олгогч хэлбэрийн хөдөлмөр эрхлэгсэдийн тоо буурч байна. Ажлын байрны захиалга хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд он гарсаар нийт 35.2 мянган орон тоотой ажлын байрны захиалга бүртгэгдсэн байна. Үүнийг өнгөрсөн оны эхний зургаан сарын дүнтэй харьцуулахад 3600 орон тоогоор өссөн. Нийт зарлагдсан ажлын байрын 75 хувийг үйлчилгээ, барилга, боловсруулах үйлдвэрлэл, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, уул уурхай, олборлолтын салбар бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл ажлын байрын захиалга бүртгэлтэй иргэдийн тооноос давж байгаа хэдий ч ажлын захиалгын дийлэнх нь боловсролын түвшин өндөр шаардахгүй ажлын байр байгаа юм.

Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийн жинтэй хувийг боловсролтой иргэд эзэлж байгаа нь эрэлт нийлүүлэлтийн боловсролын түвшин нийцэхгүй байгааг харуулж байна. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа, мэдээллийн үндэсний төвийн мэдээлж байгаагаар Монгол Улсад нийт 81 орны 10730 гадаадын иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу хөдөлмөр эрхэлж байгаа юм. Энэ нь нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний гадны иргэн Монгол улсад ажиллаж байгааг харуулж байна.


САНАЛ БОЛГОХ