Банкууд 5 дугаар сард 1654 зээлдэгчид 102 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ
Арилжааны банкууд 2016 оны тавдугаар сард нийт 1654 зээлдэгчид 102 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон талаар Төв банкнаас мэдээллээ. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 3.7 их наяд төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 83.2 мянгад хүрчээ. Тавдугаар сард 5 хувийн хүүтэй, 21.1 тэрбум төгрөгийн зээлийг 439 зээлдэгчдэд олгосон байна. Харин 8 хувиас 5 хувьд 9.2 тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлж, банкуудын өөрийн эх үүсвэрээс 5 хувьд 2.1 тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлжээ. 2016 он гарсаар ипотекийн зээл харьцангуй идэвхтэй олгогдож эхэлсэн бөгөөд ялангуяа тавдугаар сард ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 0.6 нэгж хувиар өссөн байна. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад ипотекийн зээлийн өсөлтийн хурд буурчээ. Тавдугаар сарын зарим үзүүлэлтээс задлаад харвал ипотекийн зээлийн үлдэгдлийн 76.5 хувь нь буюу 2.8 их наяд төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл буюу жилийн 5 болон 8 хувийн хүүтэй зээл болон 5 болон 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээлийн эх үүсвэрээс олгосон байна. Үлдсэн 21.9 хувь буюу 809.8 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 1.7 хувь буюу 62.1 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл тус тус бүрдүүлж байгаа аж. Ипотекийн зээлийн бүтцийн 99 хувь нь төгрөгийн, үлдсэн нэг хувь нь валютын зээл эзэлж байна. Системийн хэмжээнд 9.3 хувийг даваад байгаа чанаргүй зээлийн ипотекийн зээлд эзлэх хувь тун бага байгаа ажээ. Ерөнхийдөө ипотекийн зээл бол маш бага эрсдэлтэйд тооцогддог. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь 2.8 хувь, чанаргүй зээлийн эзлэх хувь 1.1 байгаа юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй