Барилгын материалын худалдааны төвүүдэд 1830 ААН, хувь хүн үйл ажиллагаа явуулж байна
Дэлхийн чиг хандлага, олон улсын стандартыг даган барилгын заслын материалын худалдааны төвийн объектын зах зээлд шинэ тоглогчид нэмэгдэж байна. “Мишээл Мега Молл” компани барилга, бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарын Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг нэгэн дээвэр дор нэгтгэж хамгийн анхны 21 мянган м.кв талбай бүхий барилгын заслын материалын дэлгүүр болох "Барилгын их дэлгүүр"-ийг барьж байгуулаад байна. Барилгын заслын материалын жижиглэн худалдааны үнийн түвшин түрээсийн зохион байгуулалтаас хамаараад зах зээлд өндөр тогтож байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Тиймээс барилгын материалын өөртөө үйлчлэх хайпермаркет болон сантехник, цахилгаан, багаж төхөөрөмж, интерьер дизайны материалыг нэг дороос худалдан авах боломжтой томоохон худалдааны төв зах зээлд хомсдолтой байжээ.
"Мишээл Мега Молл” компанийн зах зээлийн судалгаагаар одоогоор 100 айлд үйл ажиллагаа эрхэлж байгаа барилгын заслын материалын худалдааны төвүүд нэгдсэн зохион байгуулалтгүй байгаа ч нэгтгэсэн байдлаар талбайн хэмжээг тооцвол 33.3 мянган м.кв байна. Үүнээс гадна “BIG” төв 15 мянган м.кв, “Гермес” төв есөн мянган м.кв, Гурвалжингийн барилгын зах 5.4 мянган метр квадрат талбайтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл барилгын талбайн хэмжээнд эзлэх барилгын худалдааны төвүүдийн талбайн 49 хувийг 100 айлын барилгын материалын зах бүрдүүлж байна. “Мишээл Мега Молл” компанийн тооцоолсноор Улаанбаатар хотын томоохон барилгын материалын худалдааны төвүүдэд нийт 1830 аж ахуй нэгж, хувь хүн үйл ажиллагаа явуулж байгаагийн 988 нь буюу 54 хувь нь лангуугаар худалдаа эрхлэгчид байгаа юм. Үлдсэн 842 орчим буюу 46 хувь нь павильон, showroom хэлбэрээр худалдаа эрхлэгчид байна.
"Мишээл" барилгын их дэлгүүрийн 1, 2 дугаар давхар нь 100 хувь барилгын материалаар дүүргэлт хийсэн үед барилгын материалын төвлөрсөн төвийг бий болгож төвлөрөл үүсгэх боломжтой гэж тооцон зах зээлийн судалгаагаа боловсруулжээ. Барилгын төвийн зах зээлд объект түрээсэлж амжилттай яваа бас нэгэн байгууллага бол Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Гермес” хувьцаат компани байгаа юм. Тус компани энэ оны эхний хагас жилд 665.3 сая төгрөгийн түрээсийн орлого олж, 348.9 сая төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан тухай Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй