Хамгийн үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууц СБД-т зарагдаж байна
“Барилга Эм Эн” судалгааны байгууллагын мэдээлснээр Улаанбаатар хотын хэмжээнд баригдсан болон баригдаж байгаа 200 төслийн 23 нь тансаг зэрэглэлийн орон сууцны төсөл байна. Өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдсан төслүүдийн 11 хувийн метр квадрат нь дунджаар дөрвөн сая төгрөгийн үнэтэй орон сууцны төсөл байгаа юм. Энэхүү судалгаагаар зах зээлийг стандарт зэрэглэл, стандарт сайн зэрэглэл, тансаг зэрэглэл хэмээн сегментчилжээ. Стандарт сайн зэрэглэлийн орон сууцны метр квадратын дундаж үнэ хоёр сая 363 мянган төгрөг байгаа бол тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ ерөнхий дунджаас 56 хувиар өндөр тогтоод байгааг тооцсон байна.
Бусад сегменттэй харьцуулахад барилгын явц хамгийн өндөр буюу 56 хувь, харин борлуулалтын явц доогуур буюу 47 хувьтай байгааг “Барилга Эм Эн” компанийн судалгаагаар тогтоожээ. 2016 оны I улирлын байдлаар дийлэнх тансаг зэрэглэлийн орон сууц ХУД, СБД, БЗД-т байрлаж байгаа аж .Нийт тансаг зэрэглэлийн орон сууцны 57 хувь нь ХУД-т хэрэгжиж байгаа юм. Харин 17 хувь нь буюу дөрвөн төсөл БЗД-т, нэг төсөл СБД-т хэрэгжиж байна.
Үнийн хувьд СБД-т хэрэгжиж байгаа энэхүү төсөл бусад дүүрэгт хэрэгжиж байгаа энэ төрлийн төслүүдийн дундажтай харьцуулахад хамгийн өндөр үнэтэйд тооцогджээ. Метр квадрат тутамдаа 5.3 сая буюу тансаг зэрэглэлийн орон сууцны дундаж үнээс 30 хувиар их юм. Мөн ХУД-ийн дундаж үнэ 3.9 сая төгрөг, БЗД-ийн дундаж үнэ 3.4 сая төгрөг байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй