Монгол, ОХУ, БНХАУ хоорондын транзит тээврийн туршилт эхэлнэ
Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлээр дамжин өнгөрөх транзит тээврийг БНХАУ-ын Тяньжины боомтоос эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-ын Улаан-Үд хүртэл маршрутаар явуулж байхаар тохиролцсон. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд туршилтын тээврийг наймдугаар сарын 13-наас эхлүүлж байна. Туршилтын тээврийг “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК гүйцэтгэж байна. “Монгол Тээвэр Нэгдэл” нь 2010 онд “Туушин”, “Эс Би Транс”, авто тээврийн “Тав” ХК-иудын санаачилгаар анх үүсгэн байгуулагджээ. Одоогоор үйл ажиллагаа нь өргөжиж нийт 20 гишүүн компанийн 500 гаруй хөдлөх бүрэлдэхүүнтэй үндэсний авто тээврийн хамгийн том зохион байгуулалттай бүтэцэд тооцогдож байна. “Монгол Тээвэр Нэгдэл” компани нь Монгол Улсад авто тээврийн биржийн нэгдсэн системийг бий болгож ажиллаж байна.
Энэхүү тээвэрлэлт нь эдийн засгийн хэмнэлттэй бөгөөд цаг хугацаа хэмнэх, худалдааны эргэлт хурдсах, цаашлаад үйлдвэрлэл хурдацтай хөгжихөд дэм болно гэж салбарынхан харж байна. Тухайлбал төмөр замаар тээвэрлэснээс дөрөв дахин бага хугацаа зарцуулах тооцоо байна. Гурван улс хоорондын транзит тээврийн системээс Монгол Улсын эдийн засагт бий болох өгөөжийг энгийнээр тооцоход БНХАУ, ОХУ-ын хоорондох байгалийн хий болон нефтийн транзит тээврээс Монгол Улс 2020 онд 200 тэрбум төгрөгийн ашиг хүртэх тооцоо гаргаад байна. Энэ удаагийн гурван улсын туршилтын тээвэрт оролцох ОХУ-ын талын цуваа Монголын нутагт наймдугаар сарын 13-ны өдөр орж ирнэ.
Улмаар Монголын талын цуваатай хамт наймдугаар сарын 14-ний өглөө Дүнжингарав худалдааны төвөөс хөдөлнө. Транзит тээврийн албан ёсны нээлтийн ажиллагаа наймдугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын Тяньжин боомтод болж, туршилтын тээврийн цуваа хөдөлнө. Харин наймдугаар сарын 20-ны өглөө Замын-Үүд боомтоор туршилтын тээврийн цуваа орж ирнэ гэсэн мэдээллийг “Монгол Тээвэр Нэгдэл” компани өглөө. Наймдугаар сарын 23-нд ОХУ-ын Улаан-Үд хотод хаалтын арга хэмжээ болсноор туршилтын тээвэр албан ёсоор дуусгавар болно. Монгол, ОХУ, БНХАУ гурван улс хоорондын байгуулсан Эдийн засгийн коридорыг төв, баруун, зүүн гэсэн гурван чиглэлд байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Чиглэл бүр авто болон төмөр замаар холбогдоно. Тодруулбал Зүүн чиглэлд Эрээнцав-Чойбалсан-Баруун урт-Бичигтийг холбосон авто зам тавихаар яригдаж байна. Харин төмөр замын хувьд Чойбалсан-Хөөт-Бичигтийг дамжина гэж Зам, тээврийн сайд өмнө нь тодотгож байлаа. Харин Баруун чиглэлд Арцсуурийн боомтоос урагш БНХАУ-ын Шинжаан-Уйгурыг чиглэсэн төмөр зам тавина. Ингэснээр авто зам нь Цагаан нуур-Өлгийн-Ховд-Булганыг дайрна гэсэн төлөвлөгөө боловсруулсан байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй