Шинэ нисэх буудал Улаанбаатарын хооронд Рейлбусаар зорчдог болно
Хөшигийн хөндийд шинээр ашиглалтад орох Олон улсын нисэх буудал Улаанбаатар хотын хооронд хурдан галт тэрэг Рейлбус аялуулах, худалдан авч нийтийн тээврийн шинэ чиглэл бий болгон орчин үеийн шаардлагад нийцсэн тасралтгүй үйлчилгээг үзүүлэх, засвар үйлчилгээний баазыг байгуулахаар Нийслэлийн ЗДТГ, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” хамтран ажиллахаар болов. Талууд нийслэл орчмын төмөр замын зорчигч тээврийг хөгжүүлэх, “Аэро-Экспресс” төмөр замыг барьж ашиглах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүнээс гадна хотын төвөөр дайран өнгөрөх төмөр замаар тээвэрлэгдэж байгаа ачаа тээврийн хэмжээг багасгах, аюултай ачааны тээвэрлэлтийг зогсоох, нийслэлийн Зорчигч үйлчилгээний төв буудлыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар хотын дундуур өнгөрөх Толгойт-Амгалан өртөөний төмөр замыг хос болгон өргөтгөх замаар хотын ойролцоох Налайх, Партизаны суурин газруудыг дэд бүтэцтэй холбож хотын нийтийн тээврийн сүлжээтэй нэгтгэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм. Нийслэлийн “Зорчигч үйлчилгээний төв буудал”-ыг өргөтгөхдөө цогцолбор байгуулж төмөр замын урд хойд талыг холбосон шинэ явган гарц бий болгохоор төлөвлөж байна. Түүнчлэн барилгын материалын худалдааны үйл ажиллагаа төвлөрсөн 44 дүгээр зам буюу Гурвалжингийн гүүр орчмын үйл ажиллагааг бүхлээр нь хотын зүүн хэсэгт шилжүүлнэ гэж тооцоолж байна. Амгалан өртөөний орчим төвлөрсөн объектуудыг түшиглэн барилгын болон мод модон материалын захыг шинээр бий болгон төвлөрүүлэх, Улаанбаатар хотын баруун хэсэгт байрлах авто цогцолборыг түшиглэн салбар төмөр зам барьж, ложистик үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын төвөөр аюултай ачаа тээвэрлэхгүй байх тухай захирамж гарсантай холбогдуулж төмөр замын Багахангай өртөө орчимд аюултай ачааны терминал байгуулах зэргийг ажлыг хамтран хэрэгжүүлнэ гэж мэдээллээ. Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтыг энэ намраас эхлүүлж эхний үе шатыг 2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Бүтээн байгуулалтын төслүүд 2030 гэхэд бүрэн хэрэгжинэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй