Олимпийн өмнөх сэргээшийн "дайн"

Спорт

Зуны XXXI олимпийн тоглолтын үеэр сэргээшийн хяналт чангарах бололтой

Ирэх сарын 5-нд эхлэх Риогийн олимпийн өмнө сэргээшийн асуудал өндрөө авч, Оросын багийг оролцуулах, эсэхдээ тулаад байлаа. Олон улсын олимпийн хороо эцэслэн шийдэх ёстой байсан боловч бөөрөнхийлсөн шийдвэр гаргасан нь дайран дээр нь давс нэмсэн хэрэг болов. Юу гэвэл, ОУОХ-ны зөвлөлийн гишүүд ням гарагт хуралдаад Оросын тамирчдыг олимпод оруулах, эсэхийг Олон улсын спортын төрөлжсөн холбоод шийднэ хэмээн мэдэгдэж, хариуцлагыг өөрсдөөсөө зайлуулсан. Одоогийн байдлаар 12 спортын холбоо Оросын тамирчдыг олимпод оролцохоос татгалзахгүй гэдгээ мэдэгдээд байна.

Эл шийдвэрийг дэлхийн (WADA) болон АНУ-ын (USADA) допингийн эсрэг агентлагууд эсэргүүцлээ. Мөн Өрнөдийн хэвлэлд ОХУ, тус улсын тамирчдын эсрэг чиглэсэн дайралт, ОУОХ-нд нөлөөлөх гэсэн оролдлого тасрахгүй байгаа. Английн Telegraph сонин даваа гарагт ОУОХ Оросын багийн олимпод оролцох тамирчдын тоог 40 хүртэл цөөрүүлнэ гэсэн мэдээлэл тараав. Энд бичсэнээр бие даасан шинжээчдийг томилж, тамирчдыг давхар шалган "цэвэрлэгээ" хийх гэнэ.

Гал үгүй бол утаа гарахгүйн үлгэрээр Оросын тамирчид болон спортын байгууллагууд өө сэвгүй байсан уу гэвэл үгүй. ОУОХ-ны шийдвэр гарсны дараа Ерөнхийлөгч Владимир Путин уг асуудлыг Засгийн газраар хэлэлцэж, Спортын яамныхаа дэд сайдыг огцруулсны дээр ОХУ-ын Үндэсний олимпийн хорооны дэргэд сэргээшийн эсрэг комисс байгуулж, ОУОХ-ны хүндэт гишүүн Виталий Смирновыг даргаар томилсон нь нэг талаар Оросын спорт дахь сэргээшийн асуудлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.

Уг явдал спортоос хальж, улс төрийн нөлөө ороод байгааг Оросын тал нотолж буй ч энэ хэрэг чухам юунаас эхлэлтэй вэ? Оросын гүйгч Юлия Степанова 2013 оны эхээр сэргээшийн сорилтыг давж чадаагүй учир хоёр жилээр тэмцээнэээс хасагдсан байна. Гэтэл тэрбээр Оросын допингийн эсрэг албаны ажилтан нөхрийн хамтаар Германы ARD телевизийн “Сэргээшийн цаадах нууц” хэмээх баримтат кинонд гэрчээр оролцжээ. Тэд кинонд Оросын хөнгөн атлетикчид зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэдэг гэж ярьснаас үүдээд сэргээшийн дуулиан эхэлсэн билээ.

Энэ хэрэг даамжирсаар зургадугаар сарын 18-нд нийтлэгдсэн WADA-гийн тайланд “Москвагийн допингийн эсрэг лаборатори Сочигийн өвлийн олимï ийн Оросын тамирчдыг хамгаалж, үүнд Холбооны аюулгүй байдлын алба, Спортын яам хүртэл оролцсон” хэмээн дурдсан. Мөн өдөр Британийн Лорд Себастиан Коэгоор удирдуулсан Олон улсын хөнгөн атлетикийн холбоо Оросын хөнгөн атлетикчдийг багаар нь олимпод оролцуулахгүй, зөвхөн бие даасан шинжилгээг давж, цэвэр нь тогтоогдсон тамирчдыг ОУОХ-ны далбаан дор өрсөлдөхийг зөвшөөрөхөө зарласан.

WADA Орост допингийг улсаас нь дэмждэг гэж буруутгажээ

Эндээс ОУОХ-нд хандаж, 2016 оны олимпийн тоглолт болон параолимпод Оросын тамирчид болон спортын албаны хүмүүсийг ирүүлэхгүй байх зөвлөмж хүргүүлсэн юм. WADA-гийн саналд тулгуурлан ОУОХ ямар шийдэлд хүрснийг дээр дурдсан. WADA-гийн гэрч болсон Степанова ОУОХ-ны далбаан дор Риод өрсөлдөх байсан ч уг шийдвэрийн улмаас зөвхөн зочны статустай болсон нь бас маргаан дагуулав.

Орос дахь төрийн дэмжлэгтэй гэгдэх сэргээшийг илчлэх үйл явцад Григорий Родченков гэгчийн нэр залган гарч ирлээ. Дүүгээрээ дамжуулан сэргээшийн чанартай бодис худалдсан хэрэгт холбогдоод шизотой гэх эмнэлгийн магадлагаагаар мултарсан энэ хүн 2015 он хүртэл WADA-гийн Оросын салбар болох RUSADA-г толгойлж байсан нь гайхалтай юм. WADA- гийн бие даасан комисс 2015 оны есдүгээр сард Родченковыг Оросын тамирчдын сэргээш хэрэглэснийг нуун дарагдуулахын тулд 1000 гаруй допинг сорьцыг санаатайгаар устгасан хэмээн буруутгажээ. Тэрбээр уг хэргийг үгүйсгэсэн боловч улмаар ажлаа орхиж, АНУ-г зорьсон байна.

Степановынхныг эхнээс нь Германы сэтгүүлч чиглүүлж байсан бол Родченковын ивээгчээр Америкийн найруулагч Брайан Фогель тодорч, Орос дахь сэргээшийн тухай баримтат кино хийсэн юм.

Түүний тусламжтайгаар Родченков АНУ руу гарч, тэндхийн лабораторид ажилд орсон төдийгүй илчлэх ажлаа эхэлжээ. The New York Times сонины энэ оны тавдугаар сарын 12-ны дугаарт нийтлэгдсэн ярилцлагад Родченков ОХУ-д төрийн дэмжлэгтэй сэргээшийн хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд түүний хүрээнд Сочигийн олимпийн үеэр Оросын 100 тамирчны шээсний шинжилгээг сольсон хэмээн ярьсан. Тэр бас өвчин намдаах стеройдоос бүтсэн сэргээш бүтээж, түүнийгээ Лондон, Сочигийн олимпийн үеэр тамирчдад өгсөн хэмээн нотолж байв. Түүний ярианд тулгуурлан Оросын спорт дахь допингийн талаар шинэ судалгааг тавдугаар сарын 18-наас эхлүүлж, улмаар МкЛарений удирдсан WADA- гийн комиссийн шуугиант тайлан зургадугаар сарын 18-нд нийтийн сонорт хүрсэн билээ.

Тулгууртай харайлтын олимпийн хоёр удаагийн аварга Елена Исинбаева хэзээ ч сэргээш хэрэглэж байгаагүй боловч багаар нь шийтгэх шийдвэрийн хохирогч болсон юм

Сэргээшийн асуудал ганц Оросоор хязгаарлагдахгүй нь мэдээж. Кенийн холын зайн гүйгчдийг бас сэргээш хэрэглэсэнд буруутгасан мэдээлэл гарсан ч тэдний эсрэг ямар нэг арга хэмжээ авсангүй. Зөвхөн оросуудыг гоцлон үзэж байгаа нь тус улсын нэр хүнд, цар хүрээтэй холбоотой байж болох. Нөгөө талаас энд Гүрж, Украйн, Сириэс үүдэлтэй геополитикийн ил далд тэмцлийн нөлөө туссан гэж зарим шинжээч үздэг. CNN сувгаар ярьсан нэг шинжээч Америкийн Тагнуулын төв газар хүртэл хүртэл тамирчдын амжилтыг өсгөж, хүйтэн дайны үед чөлөөт ертөнцийн давуу талыг харуулахын тулд допингийн хэрэглээнд хуруу дүрж байсныг дурдсан.

Сэргээш тойрсон үйл явдлын иймэрхүү өрнөлөөс үүдэн Риогийн тоглолтын үеэр допингийн хяналт шалгалт дээд хэмжээнд тавигдах нь ойлгомжтой. Алсаас харахад үнэн худал нь үл мэдэгдэх үгүйсгэл, гомдол, эргэлзээтэй баримт шидэлцэж, тэр ч бүү хэл тамирчдын нулимсаар угаагдсан үгийн дайн олимпийн түүхийг сүүдэртүүлж буй нь зуны XXXI олимпийн тоглолтын өмнө намдах болов уу гэсэн хүлээлт байсан ч улам даамжирч, нэг хэсэгтээ үргэлжлэх бололтой.

ОУОХ-ноос ОХУ-ын тамирчдыг Риогийн олимпод оролцуулахад тавьсан шалгуур:

1. Тамирчны нэрийг Олон улсын спортын төрөлжсөн холбоодоос батлах ёстой. Үндэсний холбоод бус.

2. Тамирчин сэргээш хэрэглэсэн сэжигт өртсөн бол өөрөө гэм буруугүйгээ нотлох баримт гаргана.

3. Урьд нь сэргээш хэрэглээд илэрсэн бүх тамирчид шийтгэл хүлээх хугацаа нь дууссан байсан ч олимпод оролцохгүй.

САНАЛ БОЛГОХ