Нэг медалийн үнэ цэнэ
Риогийн олимп эхлээд хэд хонолоо. Зарим нь медалийг хоёр, гурваар нь авч, нүүрэндээ мишээл тодруулан зогсож байхад ногт ганзагалаж ирээд хоосон буцаж буй нь бүр олон. Мэдээж олимпоос медаль авах нь тухайн улсын хөгжил, эдийн засагтай шууд холбоотой. Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг орнууд олимпийн наадамд аанай л эхний байруудад жагсаж буйгаас үүнийг харж болно.
Ингэхэд улс орнууд олимпоос нэг медаль авахын тулд хэр их хөрөнгө зарцуулдаг бол? Үүнийг мэдэхийн тулд зарим нэг тоо баримт хайж үзье.
Олимпийн наадмын хамгийн хүчтэй өрсөлдөгч бол мэдээж АНУ. Өмнөх 30 олимпийн 16-д нь багийн дүнгээр тэргүүлсэн янкууд Риод ч хүснэгтийн магнайд явна. Гэхдээ энэ улс олимпод оролцох тамирчдадаа бидний санасан шиг айхтар тусламж үзүүлээд байдаггүй. Америкчууд эдийн засгийн хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг ч энгийн тамирчид нь тун ядруухан амьдарч, бэлтгэлээ хийдэг талаар хүн бүр ярьж байна.
Гайгүй амжилт гаргадаг хөнгөний тамирчид нь сард ойролцоогоор 17 мянган ам.долларын тэтгэлэг улсаасаа авна. Усчдын хувьд энэ тоо 42 мянга болон нэмэгдээд явчихна. Тухайн тамирчин энэ мөнгөндөө тааруулж бэлтгэл сургуулилтаа базаан, тэмцээн уралдаанд орох ёстой. Гэхдээ энэ бол зөвхөн өндөр зэрэглэлийн тамирчдын авах мөнгө.
Бусдынх нь хувьд байдал эвгүй дээ. Тэд улсаас сар бүр багахан хэмжээний тэтгэлэг авах бөгөөд энэ нь ихэнхдээ 400 ам.доллар байдаг гэнэ.
Олимпод бэлтгэж байгаа тамирчин хажуугаар нь ажил хийх боломж бараг үгүй тул ар гэрийнхнээсээ туслалцаа авах нь элбэг. “Би зургаан хүүхэдтэй айлын том нь. Эцэг, эх маань миний бэлтгэл сургуулилтын зардлыг олох гэсээр байгаад бараг дампуурах шахаж байлаа” хэмээн Афины олимпод жүдогоор өрсөлдөж байсан Рик Хавн өгүүлжээ. Хавны хувьд дэмждэг хүнтэй тулдаа болгоод байж. Хэрэв төрөл төрөгсөд нь туслалцаа үзүүлэх боломжгүй бол олон нийтэд хандаж, хандив гуйхаас өөр аргагүй. Сүүлийн жилүүдэд ийм байдал эрс нэмэгдээд байгаа аж. 10 төрөлтийн тамирчин Жереми Тайво бол тэдний нэг. Олимпийн бэлтгэлээ базаахын тулд түүнд 47 мянган ам.доллар хэрэгтэй байсан тул gofundme сайтаар дамжуулж бусдаас тусламж хүссэн юм. Гэтэл үр дүн дорхноо гарч, богинхон хугацаанд 63375 доллартай болж чаджээ.
АНУ-ын Үндэсний олимпийн хорооны хувьд тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад оролцож, санаа тавиад байдаггүй. Харин олимпод оролцох үед унаа, байр, хоол зэрэг зайлшгүй шаардлагатай зардлыг л гаргадаг аж. Энэ байгууллага 2013 онд тамирчдынхаа бэлтгэлд зориулж 73 мянган “ногоон” хуваарилсан байдаг. Мөн янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд 81 мянгыг зарцуулсан гэнэ. Том гүрэн гэхэд дэндүү бага байгаа биз. Тамирчид нь яаж ийгээд олимпод оролцож, медаль аваад ирвэл авах шагнал нь мөн л өчүүхэн бага. Тухайлбал, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд 25, 15, 10 мянган доллар улсаасаа авдаг. Гэхдээ үүний 40 шахам хувь нь татварт яваад өгдөг гэж байгаа. Монголчууд олимпийн аваргадаа 120 сая төгрөг гардуулж, сар бүр дөрвөн сая төгрөгийн цалин өгдөгтэй харьцуулалтгүй гэдэг нь эндээс харагдана. Тиймдээ ч америк хүүхдүүд олимпийн төрлийн спортоос зугтаж, сагс, хоккей, бэйсбол, америк хөлбөмбөг, бокс зэрэг мөнгө их олдог төрлөөр хичээллэх сонирхолтой. Үүнийг хүн бүр шүүмжлэн ярьдаг ч байдал бахь байдгаараа.
Тэгвэл Их Британийн хувьд байдал эсрэгээрээ. Тухайлбал, энэ улс соёл, спортын салбартаа жил бүр 543 сая фунтийн (ойролцоогоор 709 сая ам.доллар) төсөв хуваарилдаг. Түүнчлэн олимпийн тамирчид нь сар бүр 15-28 мянган фунтийн тэтгэлэг авдаг аж. Хэрэв гаргасан амжилт өндөр бол энэ тоо 37 мянга болж нэмэгдэнэ. Тиймээс тамирчид нь мөнгөнд санаа зоволгүйгээр тэмцээндээ бэлдэх боломжтой. Канадын хувьд мөн л улсаас нь тамирчдаа бүх талаар дэмждэг. Тус улсын Засгийн газар жил бүр 200 сая канад долларыг (ойролцоогоор 153 сая ам.доллар) олимпийн тамирчдадаа зориулна. Тамирчид нь сар бүр 15 мянган канад долларын тэтгэлэг авдаг байна.
2005 онд шигшээ багийн төсөв ердөө 50 сая төгрөгт багтаж байв
Гаднын улс орон ийм байдаг байж. Тэгвэл Монголд байдал ямархуу байна вэ?
Спортын салбарыг нийтэд нь аваад үзвэл дийлэнх тамирчин ядуу тарчиг амьдралтай, өлөн зэлмүүн явдаг нь үнэн. Хэрэв олимпийн төрөлд багтдаггүй, эсвэл Монголд төдийлэн хөгжөөгүй спортоор хичээллэдэг бол бүр ч хэцүү зам туулна. Харин тодорхой хэмжээний амжилт гаргаад шигшээ багийн гишүүн болчихвол нөхцөл байдал хамаагүй дээрдээд ирнэ. Их биш ч гэсэн тогтмол цалин (ойролцоогоор 400 мянга) сар бүр авна. Мөн тэмцээн уралдаанд явах, бэлтгэл хийх, цугларалтад гарах зардлыг нь улс хариуцна. Тиймдээ ч Монголын тамирчдын амжилт мэдэгдэхүйц дээшилсээр байгаа. Өнгөрсөн жил л гэхэд улсын төсвөөс биеийн тамир, спортын салбарт 6.6 тэрбум төгрөг хуваарилсан юм. Энэ их мөнгө биш ч гэсэн цөөн тамирчинтай Монголын хувьд болоод л байна.
Гэтэл одоогоос аравхан жилийн өмнө спортын салбарт зарцуулах мөнгө үүнээс 100 дахин бага байсан гээд төсөөл дөө. 2005 онд шигшээ багийн төсөв ердөө 50 сая төгрөгт багтаж байв. Энэ мөнгөөр тамирчид бүтэн жилийн турш тэмцээнд орж, бэлтгэлээ хийх ёстой. Тиймээс тамирчин, дасгалжуулагчид компанийн захирлуудын үүд хаалга сахиж, мөнгө гуйхаас аргагүй. Үр дүнд нь ганц хүрэл медалиар сэтгэлээ зогоож, үүнийгээ дараагийн олимп эхэлтэл бахархан ярина. Харин 2008 он гэхэд төсөв 1.8 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байлаа. Үр дүн нь Бээжингийн олимпод хэрхэн гарсныг бид мэднэ. Үүнээс хойш тамирчдад зориулсан төсөв тогтмол өссөөр өдгөө зургаан тэрбумд хүрээд байна. Шигшээ баг ойролцоогоор 120 тамирчинтай гэж тооцвол нэг хүнд дунджаар 50 сая төгрөг ногдох болно. Ямар ч байсан Америкийн энгийн тамирчидтай харьцуулахад хангамж боломжийн гэсэн үг. Хэрэв тамирчин олимп, дэлхийгээс медаль авчихвал мөнгөн шагнал, сарын цалин нь ч өндөртөө орно. Эндээс харвал манай улс спортын салбараа дэмжиж, тэтгэх тал дээр бусдаас нэг их хол хоцроод байхааргүй болжээ.
Их Британи улс 2008-2012 оны циклд ойролцоогоор 5.6 их наяд төгрөг олимпийн тамирчдадаа зарцуулаад Лондоноос 65 медаль хүртсэн. Нэг медаль авахын тулд 84 тэрбум төгрөг зарлагадсан гэсэн үг. Харин Монгол Улс дээрх хугацаанд ойролцоогоор 10 тэрбумыг улсаас зарцуулаад таван медальтай ирсэн юм. Нэг медаль авахын тулд хоёр тэрбум төгрөг гаргаж байна гэсэн энгийн тооцоо хийж болно. Олимпийн наадмаас ганц медаль авахын тулд ямар их хөрөнгө мөнгө, хөлс хөдөлмөр шаардагддаг нь эндээс бага ч болов харагдах биз ээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй