Дээрэмчид ажилдаа оржээ

Спорт

Олимпийн наадмын зохион байгуулагчид тамирчин, зочдын аюулгүй байдлыг хангахын төлөө их хичээж, харуул хамгаалалтыг чангатгасан ч хэрэг зөрчил гарсаар байна. Риогийн дээрэмчдийн дайралтад өртсөн хүмүүсийн нэг нь Оросын усанд сэлэлтийн тамирчин Евгений Коротышкин болжээ. Тэрбээр лхагва гарагт хоолонд орох гэж яваад зэвсэгтэй этгээдүүдэд эд зүйлээ дээрэмдүүлсэн байна. Коротышкин энэ талаар инстаграм хуудсандаа “Бүгдэд нь энэ өдрийн мэнд.

Энэ удаа спортоос өөр зүйлийн талаар бичих гэсэн юм. Өнөөдөр Ипанем дүүрэгт байрлах Астор ресторанд хоол идэх гэж яваад замдаа зэвсэглэсэн хоёр хүнд дээрэмдүүллээ. Гэхдээ би зүгээр. Хамгийн гол нь үр ач нартаа ярих зүйлтэй болж, халаасандаа байсан бүх зүйлээ алдаад дууслаа даа” хэмээн бичжээ. Түүнчлэн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д хүрэл медаль хүртсэн Бельгийн Дирк Ван Тичел гэмт этгээдүүдэд дээрэмдүүлжээ. Тэрбээр медаль хүртсэний баяраа тэмдэглэхээр наран шарлагын газар очих үеэр хэсэг нөхөд халджээ. Тэд жүдоч эрийг хэд хэд цохиж, гар утсыг нь аваад зугтаж одсон байна.


САНАЛ БОЛГОХ